Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нийтийн сэтгэхүйг жолоодох нь
2015 оны 12 сарын 7 [Уншсан тоо: 164199]

Энэ жилийн эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Английн эрдэмтэн Энгүс Дитон хүртлээ. Тэрээр “Хомс ба хангалуун хэрэглээний анализ” бүтээлээрээ энэхүү нэр хүндтэй тавцанд гарсан юм. Тэрээр олон жилийн судалгааныхаа явцад доорхи гурван асуултад хариу олох гэж чармайжээ:

1.    Хэрэглэгчид олсон мөнгөө юунд үрдэг вэ?
2.    Хүмүүс орлогынхоо хэдийг нь үрж хэдийг нь хадгалдаг вэ?
3.    Хомс ба хангалуун амьдрал гэдгийг яаж хэмжих вэ?

Дитоны судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь хүн хэдийд ханадаг вэ гэсэн асуултын хариу. Үүнийг тэрээр АНУ-ын жишээн дээр гаргаж ирсэн байна. Хүн амын 80 хувийг бүрдүүлж буй америк дундач иргэний жилийн орлого 70 мянган долларын дотор байхад эзэндээ аз жаргал авчирдаг гэнэ. Ухаан нь жилийн 40 мянган долларын орлоготой хүн жил жилд орлого нь нэмэгдээд явахаар ихэд баярладаг, багасаад байвал гомдолтой байх жишээний. Харин орлого 70 мянга даваад явснаас хойш цаашдын нэмэгдэл хорогдолд төдийлөн анхаарахаа больчихдог аж. Нэг л үгээр хэлэхэд аз жаргалын индекс олсон гэсэн үг. Энэ судалгаа нэг талаас харахад микро эдийн засгийн салбарт хамрах юм шиг боловч гол нь хүний сэтгэл зүй рүү илүүтэй анхаарсан мэт.

Дитоны судалгааг хуулбарлан Монголын нөхцөлд үр дүнг нь гаргаж ирвэл тун сонирхолтойгоос гадна нийгмийн бодлогод маш их ач холбогдолтой. Монгол хүн хэдий хэрийн орлогод “цаддаг” вэ? Мянган хоньтой малчин за болоо гэж бодох уу, эсвэл хонио 10 мянга болгохыг хүсэх үү? 50 хоньтой байгаад хойтон тэр нь 100 болчихвол баярлах уу, голох уу? Дитоны судалгааны аргачлал нь гол болохоос Монголын нийгэмд хариу нь их л өөр гарах байх. Нүүдлийн нийгэмд хэдэн мянган жил, хамтралын нийгэмд зуугаад жил амьдарсан үндэстний эд баялагт хандах хандлага иргэншсэн суурьшмал хүмүүсийнхээс их л ялгаатай байж таарна. Сүүлийн арван жилд амьдралын төвшин нь 10 дахин дээшилсэн монголчуудын сэтгэл ханамжийн баталгаа өдгөө урьдахтайгаа харьцуулахад 100 дахин доошилсоныг хэрхэн тайлбарлах вэ? Ганц хийл мах олж авах гэж өдөр болгон хоёр цаг оочирлодог, сарын дундач орлого нь чанар муутай 10 шил архинд хүрэхтэй үгүйтэй, тансаг байтугай дэлхийн дундач хэрэглээтэй харьцуулахад өлөн зэлмэн амьдарч байсан социализмын монголчууд яагаад аз жаргалтай байсан юм бэ? Тэртээ XVIII зуунд Манжийн хаан Энх-Амгалан “Монголчуудын дотроос халх ястан ямар ч үнэ цэнэтэй бэлэг авах тусмаа баярладаггүй харин ч голдог, тэдний хомхой сэтгэлийг юугаар ч хангах бололцоогүй” гэж бичиж байсан нь үнэний ортой юу? Ард түмнээ жаргалтай болгохын тулд өнөөгийн Монголын төрийн бодлого хаашаа чиглэх ёстой юм бэ?

Эдийн засгийн сэтгэл зүйгээр Нобель хүртсэн анхны эрдэмтэн нь Дитон ч биш. 2002 онд Израилийн эрдэмтэн Даниэл Канэман “Хүн эргэлзсэн үедээ хэрхэн шийдвэр гаргадаг тухай анализ” бүтээлээрээ энэ шагналыг хүртсэн юм. Канэман эдийн засагч гэхээсээ сэтгэл зүйч хүн. Гэвч түүний судалгаа микро эдийн засгийн салбарт маш их хамааралтай. Хүмүүс мөнгөтэй харилцахдаа тоо нь төдий их байна тэр хэрээр хайхрамжгүй байдаг аж. Түрийвчинд чинь мянган төгрөг байвал бараг л задгай зоосоор нь хэмжиж их хянамгай зарцуулна. Харин сая төгрөг байх аваас тооцоо ч хийдэггүй, тоолох ч дургүй, хамаагүй үрнэ. Ийм байдал бидний өдөр тутмын амьдралд ажиглагддаг. 2008-2009 оны хямралын үед монголчуудын гар утсаар ярих хэмжээ бараг гурав дахин багасч байжээ. Гэтэл сүүлийн долоон жил буюу нүүрсний галзуурлын үед монголчуудын банкнаас авсан зээлийн зарцуулалтыг харахад нийт зээлийн 75 хувийг зурагтаа томруулах, гар утсаа ухаажуулах, машины сайжруулах, хувцас хунар нэмж авах зэрэг тансаглах чиглэл рүү үрсэн байна. ТҮЦ-ээ өргөтгөх талд тун ч бага анхаарчээ. Нүүрсний жилүүдэд тухайлбал хөөрөгний үнэ дэлхийн хаана ч байхгүй өндөрт нисч байв. Сүүлийн арван жилд монголчууд 7-8 тэрбум долларын автомашин, 2-3 тэрбум долларын гар утас худалдан авсан байх юм. Хямд архины хэрэглээ эрс буурч үнэтэй сархад талх шиг гүйж эхэлжээ. 1990 онд 70 сая доллар, 2000 онд 300 сая доллар “тараан байрлуулдаг” байсан УИХ 2010 он гэхэд 4 тэрбум доллар хуваарилдаг болсноор мөнгөөр хахаж тооцоолохоо ч больсон. Ямар сайндаа л сая доллароор үнэлэгдэх томографийн нэг аппарат хоёр сая хүнд үйлчлэх хүчин чадалтай авч Монголын төр тавхан жилийн дотор хорь гаруйг худалдан авч эмнэлэг болгонд байрлуулжээ. Одоо харин модоо барьсан учир цалин хасах тухай ярих боллоо.

Хүн эргэлзсэн үедээ эмоциороо шийдвэр гаргадаг гэж үздэг байв. Харин Канэманы судалгаагаар энэ нь худлаа аж. Буруу шийдвэр гаргадаг нь эмоцийнх биш сэтгэх механизм буруу “ажилласаных” гэнэ. Тэрээр сонин жишээ авчээ: Казинод 100 хувийн баталгаатай 900 доллар хожих, 90 хувийн баталгаатай мянган доллар хожих хоёр янз бололцоо гарч ирэхээр ихэнх хүн шуналдаа ч биш, эмоцидоо ч биш, гагцхүү сэтгэх буруу механизмдаа хөтлөгдөн хоёрдахийг нь сонгоод алдах арван хувь руу ордог гэнэ.

Тэгвэл хүний сэтгэлгээний эдгээр онцлог болон нийлэг төрхийг америкийн сэтгэл зүйч Робэрт Чалдини “Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” номдоо маш сонирхолтой жишээтэйгээр тайлбарлажээ. Харилцан солилцооны зарчим гээч юм хүний нийгэмд маш хүчтэй үйлчилдэг боловч хүмүүс үүнээ анзаардаггүй юм байна. Харин үүнийг нь улстөрчид, худалдаачид, бизнисийнхэн болон ердийн луйварчид маш сайн мэддэг, үүнээ өргөн дэлгэр ашигладаг аж.

Хүмүүсийн сэтгэлгээ үндсэндээ загварт сэтгэхүйд баригдсан байдаг аж. Алив үйлдэл болон юмсыг загварчлан хялбар болгон сэтгэдэг учир энэ нь нөлөөлөх гэсэн субъектэд тун амархан өртөнө. “Үнэтэй нь чанартай” гэсэн ойлголт бий. Иймээс дэлгүүр зарагдахгүй байгаа юмаа хямдруулах биш үнийг нь өсгөчихвөл илүү хурдан борлогддог аж. Эсвэл барааныхаа үнийг зориуд өсгөчихөөд хямдруулсан хэмээн хуучин үнийг нь тавьчих жишээтэй. Энэ нь бид нэгэнт тогтсон төсөөлөлтэй учир алив мэдээллийг хүлээж авангуутаа нягтлахын оронд автоматаар хариу өгдөг гэсэн үг. “Нэр хүндтэй хүний үг үнэн” гэсэн ойлголт байна. Иймээс шинжээчийн гаргасан дүгнэлтийг уншаад нягтлахын оронд “шинжээч” гэсэн тодорхойлолтод автан шууд хариу үзүүлнэ. Бид юмсыг автоматаар харьцуулж үздэг дадалтай учир жишээ нь дэлгүүрийнхэн хамгийн түрүүн аль үнэтэй бараагаа танилцуулна. Худалдаад авчихсаны дараа нь хямд бараагаа танилцуулахад худалдан авагч түрүүн үнэтэй авсантайгаа харьцуулан хямдыг нь гайхаж бушуухан түрийвчээ ухна. Энэ чанарыг луйварчид ч ашиглана. Чалдини нэгэн болсон жишээг татжээ. Худалдагч бараагаа танилцуулахдаа өөрийгөө чих хатуу гээд үйлчлүүлэгчийг аль болох чанга ярихыг шаардана. Аль нэг барааны үнийг сонирхохоор нь цааш ахлагчаасаа маш чангаар асууна. Цаадах нь “мянган төгрөг” гэж хариулахаар нь сонсоогүй юм болоод зориуд чангаар хэд дахин лавлаад үйлчлүүлэгчид “500 төгрөг гэнээ” гэж хэлнэ. Харин үйлчлүүлэгч бушуухан үүнийг далимдуулан мөнгөө тэр дор нь төлчихөөд яаравчлан холдоно.  Бараа угаасаа л 500 төгрөг байж.

Хүмүүс харилцан солилцооны аргад амархан автдаг. Таван мянган төгрөгөөр концертийн тасалбар ав гэж баахан гуйж байснаа “тэгвэл ганц мянгаар шоклад авчих” гэж гуйхаар дорхноо авчихдаг. Харилцан буулт хийж байна. Гэхдээ цаад нөхөр угаасаа билет борлуулах гээгүй шоклад л зарах гэж байжээ.

Хүмүүс хориотой юманд маш дуртай, хориотой нь хортой байсан ч чухам хорьсон учраас түүнд эерэгээр ханддаг. Маяами мужид байгаль орчин хамгаалах зорилгоор фосфаттай угаалгын нунтаг хэрэглэх, гэртээ хадгалахыг хорьжээ. Гэтэл тэндхийнхэн өөр мужаас тийм нунтаг тонн тонноор нь худалдав авч гэртээ хэдэн жилийн нөөцтэй болсон байна. Хожим нь санал судалгаа явуулахад маяамагийнхан фосфаттай угаалгын нунтаг хамгийн чанартай гэж үздэгээрээ бусад америкчуудаас эрс ялгарч байв. Шэкспирийн Ромео Жюлэтта хоёрын гал халуун дурлал чухамдаа эх эцгийнх нь хорионоос болж л шатан бадарч эцэстээ амиа хорлосон гэдгийг Чалдини өөрийн судлагаагаар нотолсон байх юм. Зохиолыг нь судлаад биш, өнөөгийн хүмүүс дээр туршилт хийгээд шүү дээ.

Хүмүүсийн нөлөөнд автдаг энэ чанарыг хамгийн сайн ашиглаж чаддаг бүлэг бол улстөрчид болон шашиныхан гэнэ. Гэхдээ бүгдийнх нь уриа зарчим нь: Ятгаж сур - нөлөөндөө оруул - өөрийгөө авч гар!

Нэпко хэвлэлийн газраас Робэрт Чалдинигийн “Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” бүтээлийг Б.Гэрлээгийн орчуулгаар хэвлэн гаргалаа. Мөн тэрээр Даниэл Канэманы “Удаан болд, хурдан шийд” хэмээх суурь бүтээлийг орчуулж дуусч байна. Энд би гол нь ном рекламдах гэсэн юм биш. Бид мөнгөтэй харилцаж чаддаггүй, нөгөө талаас бусдын нөлөөнд амархан автдаг бодгалууд. Энэ нь өөрийгөө хамгаалах чадвар тун султай гэсэн үг. Үгүйдээ л сонгууль болгоны дараа “хууртагдчихлаа” гэсээр өөрөө сонгосон эрх мэдэлтнээ харааж суудаг ард түмэн. Магадгүй энэ ном бизнисийнхэн, борлуулагчид, улстөрчид, луйварчдад ашиглаж чадвал сайхан гарын авлага болж болох юм. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө нийгмийн болон бусдын хэт нөлөөллөөс хамгаалж сурахын тулд эдгээр номтой танилцвал илүү чухал юм уу гэсэндээ үүнийг бичив.

2015.12.6




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив