Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Автономыг устгав
2016 оны 3 сарын 18 [Уншсан тоо: 129675]

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтэдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дах хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.


Зохиогч



АВТОНОМЫГ УСТГАВ

Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар автономыг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Гол шалтгаан нь Монголын хар, шар феодлуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч чин ван Хандорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайн ноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгэсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн мөн л үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барсанд оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд ван гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр "Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн"1. Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний "хорсол" гэдэг аймшигтай үр дагавартай байж таарна.
   
Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачлага Монголын автономыг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Бээжин рүү энэ хэргийг улам дэвэргэн бичиж, Богдын Засгийн газрыг Семёновоор айлгах тактикт шилжив. Түүний шахалтаар Монголын Засгийн газар “ ...Семёновын цэргийн зэвсгийг хурааж Чита хотод байгаа хятад, монголын үймээнч цэргийг тараан, хатуу чанга хяналтын дор нутаг усанд нь буцаах талаар яаралтай арга хэмжээ авахыг төв Засгийн газарт мэдэгдэхийг эрхэм сайд Танаас гуйсугай”2  гэсэн төгсгөлтэй аврал эрсэн урт бичиг шийтгэж өөрт нь барьлаа. Аль шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн үе, 1907 оноос л монголчуудыг аргалах хэн ч чадаагүй ажлыг Чэнь И гүйцэтгэн түүхэнд гавьяа байгуулахаар ихэд улайрлаа. Тэрээр  Гадаад Монголын өөрөө засахыг устгасаны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автоном эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв3. Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.

Оросын хувьсгалын дараа большевик аюулаас болгоомжлон хятадууд Монгол дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэллээ. Гэхдээ эхэндээ Монголын талын зөвшөөрлийг авч байсан юм. Гэтэл Хүрээн дахь Оросын консул ба Бээжин дахь Оросын элчингээс Монголд буй орос иргэдийн амь нас эд хөрөнгийг хамгаалах хүсэлтгарав. Хүрээн дэхь Оросын консул А.Орлов улаантны аюулаас айж Хятадаас тусламж гуйх төлөвлөгөөг ихэд дэмжиж байв.
   
Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономыг устгах болсон процессийг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн:
    "Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсч болох юм" гэжээ.
    Тэд Чэнь И-тэй уулзаад: "Хятадын Ерөнхийлөгчөөс асууя гэж байна" гэсэн хариу авчирав.
    Богд хаан үүнд: ""Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй"".
    ""Чэнь И- тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя"". Тэд маргааш нь: "Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй" гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа; "Хятадын Ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономоо устга гэжээ" гэсээр орж ирэв. Богд: "Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-ийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо".
    Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар "Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал" гэсэн зарлиг гаргуулжээ. Маргааш нь Богд: "Миний урд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын Ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу".
    Монголын хэсэг ноёд хариуд нь: "Бид Ерөнхийлөгчөөс лавладагаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье" гэжээ4.
   
Ийнхүү хэсэг ноёд, ван гүн нар "лам нараар толгойлуулсан төрийг эсэргүүцэж" Чэнь И-тэй хуйвалдах замаар автономыг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас – Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайнноён ханаас – Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас – Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономыг татан буулгах тохиролцжээ5. Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амалсантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автоном нь Чэнь И-ийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.
   
Хятад цэргийг урьж, автономыг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрэлбэл: Монгол улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайнноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагхан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайнноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой.

Бадамдорж

Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавараар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон I Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ6. 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн ламын нэг туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Сандо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Сандо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохирооог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономыг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономыг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ7.  “БНМАУ-ын түүх” III (1969)-д Автономыг устгах санал Засгийн газарт орж ирэхэд ганц нэг шар феодол эсэргүүцэж бусад нь зөвшөөрчээ гэж бичсэн байна8. Энэ “ганц нэг шар феодал” нь Бадамдорж юм. Харин түүх бичээчид тухайн үед нэр нүүрийг нь шавартай хутгаад хаячихсан Бадамдоржийн нэрийг ил хэлж зүрхэлсэнгүй.
 
“БНМАУ-ын түүх”-д Автономыг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн гэжээ9. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономын устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг.

Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж.

Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй юм. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан болтой. Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Тэр үед монгол хүний дундаж наслалт дөч ч хүрдэггүй байсан. 1900 онд АНУ-ын дундаж наслалт 50 байсан үе. Өндөр нас болсон, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, үр хүүхэдгүй өвгөн лам мөнгөний төлөө эх орноо худалдав гэдэг даанч үнэмшилгүй.

Хүчинд автаад ирэхээр цаг хожихын тулд зориуд яриа хэлэлцээг сунган элдэв шалтаг тооцдог урьдын туршлага Бадамдоржид бий. Гурван улсын гэрээ дууссаны дараа Богд хааныг хятадууд “Алтан тамга навчит өргөмжлөл”-өөр шагнах болжээ. Энэ бол тусгаар тогтнолоо алдаж автоном болсон улсын хувьд нэлээд ичгэвэртэй, аягүй бол доромж утгатай шагнал болно. Уг өргөмжлөлийн заалт таарахгүй байна хэмээн Шанзавын яам татгалзжээ. Улам шалаад байхаар нь өргөмжлөл гардуулах Бээжингийн төлөөлөгч дэндүү олуулаа ирэх учир тэднийг хүлээн авах мөнгө цаасны бололцоо алга хэмээн хойшлуулжээ. Богд эзний бие чилээрхүү байна гэсэн дараагийн шалтгийг тоочив. Эцэст нь хятадууд арга барагдан Хүрээнд суух төлөөлөгч Чэнь Лу-гаар бараг хүчээр шахуу өргөмжлөлийг гардуулуулжээ. Энэ хооронд жил хагас өнгөрсөн байдаг.

Шанзавын яам байгуулснаар шашныг хариуцах боллоо. Тэр үед 13 тамгатай хутагт, тамгагүй 50 гаруй байсан. Богдын шавь гэдэг нь хамгийн том нь. Тамгагүй 50 нь Шанзавын яаманд харьяалагдана. Шанзавын яамны сайдаар Бадамдорж ажиллаж байгаад Ерөнхий сайд болсон. Хар, шарын хоорондын зөрчил өмнө нь ч маш хурцаар илэрч байсан. Богдод ойр, нэр нөлөө ихтэй Бадамдорж Ерөнхий сайд болсноор зөрчил бүр ихэссэн. Ер нь шарынхан ч зүгээр байгаагүй л дээ. Бадамдорж Ерөнхий сайд болсноор шарынхны төрийн оролцоо нэмэгдэн, ноёд язгууртныг тоохоо болин дураар дургих болжээ. Магсар хурцын тэмдэглэснээр шарынхан шавь нэрээр олныг хурааж, эрх мэдэл нь чангарсан хутагт хувилгаадаас авахуулаад хаалгач донир хүртэл хошуудын эрх баригчдыг доромжлох нь хэрээс хэтэрч, зарлиг лүндэнгээр ноёдын хэргэм зэргийг эвдэж байжээ10

Иймээс л ноёдууд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономгүйгээр шууд Хятадын харъяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авсанаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзан яваагүй.

Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж гарын үсэг зурсны хувьд түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын “Монгол улсын шинэ түүх”, Дэндэвийн “Монголын товч түүх”-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв болохоор номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн “БНМАУ-ын түүх” гурван ботид Автономын үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номнуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий эшилсэн Чойбалсан Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” номд Бадамдорж, Цэрэндорж нарыг уравсан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Магадгүй ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга.

Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн “Сүхбаатар” кинонд гардаг. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнээ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр / Улсаа худалдсан сайд / Богц богц мөнгөөр / Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн Хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 онд үед “Өвгөн Жамбалын яриа”-нд гарчээ11. Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Зарим хүний баталж байгаагаар гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аяд ийм үг оруулан дуулж байсан ч гэдэг.

Бадамдоржийн “хамаг нүглийг” илчилсэн хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Д.Пэрлээ гуай “Өвгөн бичээчийн өгүүлэл” нэрээр 1956 онд хэвлүүлжээ12. Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономын үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг тул магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай “Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд”, “Дайсны ард нэвтэрсэн нь” гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Намааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Намааннамжилийн зохиол.

“Өвгөн бичээчийн өгүүлэл”-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчраад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономыг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ13.
   
За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа С.Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм14.
   
1992 онд Төрийн ордны 2-р давхарт Монгол улсын Ерөнхий сайд нарын хөргийг дүүжлэх шийдвэр гарсан. Тэнд Бадамдоржийн хөргийг байрлуулалгүй хоёр жил болсон ба үүнээ “урвагч учир” гэж тайлбарлаж байлаа. Харьцуулахад тэнд хүндтэй байр эзэлсэн Ю.Цэдэнбал Монгол улсыг СССР-ын бүрэлдэхүүнд оруулах гэж гурван удаа оролдон энэ ажиллагааг удирдан зохион байгуулсан нь түүхийн баримтаар нэгэнт нотлогдсон. 1959 онд ЗХУ-ын элчин сайд В.Молотов түүнийг дагалдан Завхан аймагт явж байхдаа “Монгол улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казахстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй явна. Танайхан удаа дараа хүсэлт тавьж буй боловч нэгдэх цаг нөхцөл үнэхээр бүрдээгүй байна”15 гэж учирлан ятгажээ. Нэг үгэндээ цаг нь болоогүй юмыг ингэж эртэлж шаардах хэрэггүй гэж тайлбарласнаар энэ асуудлыг тэрээр дахин сөхөөгүй юм.


                                                                                            
1 Дэндэв.Л. Монголын товч түүх (Улаанбаатар 1934)
2 Ширэндэв. Б. Монгол ардын хувьсгалын түүх (Улаанбаатар 1969) х-124
3 Магсаржав. Н. Монгол улсын шинэ түүх ( УБ 1994) х-143
4 Дилав хутагт Жамсранжав Ар Монголын улс төрийн дурсамж (Улаанбаатар 1991)
5 Болд. Равдангийн Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс (1910-1973) (НЭПКО паблишин 2008) х – 89-90
6 Дилав хутагт Жамсранжав Ар Монголын улс төрийн дурсамж (Улаанбаатар 1991) х-5
7 Болд. Равдангийн Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс (1910-1973) (НЭПКО паблишин 2008) х-90
8 Бүгд найрамдах Монгол ард улсын түүх III (Улаанбаатар 1969) х-64
9 Бүгд найрамдах Монгол ард улсын түүх III (Улаанбаатар 1969) х-63
10 Магсаржав. Н. Монгол улсын шинэ түүх ( УБ 1994
11 Дамдинсүрэн.Ц. Өвгөн Жамбалын яриа (Улаанбаатар 1959)
12 Навааннамжил Галсангийн Өвгөн бичээчийн өгүүлэл (Улсын хэвлэлийн газар 1956)
13 Навааннамжил Галсангийн Өвгөн бичээчийн өгүүлэл (Улсын хэвлэлийн газар 1956) х-228-231
14 Дашдэндэв.С. Улаан наран (Улаанбаатар Улсын хэвлэлийн газар 1962)
15 Ёндон.Д. Үнэн учрыг өгүүлбээс (Интерпресс. 2016) х- 308



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив