Оросууд
2016 оны 4 сарын 26 [Уншсан тоо: 134134]
1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтэдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дах хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Зохиогч


ОРОСУУД

Славян гэсэн үг нь герег болон латин хэлээр “боол” гэсэн утгатай аж. Гитлер 1941 онд СССР-т довтлохдоо энэ үгийн гарлыг ашиглаж Slaven sind Sklaven - Славянчууд бол боолчууд гэсэн үгийн тоглоомоор суртал нэвтрүүлэг явуулсан. Хэдэн сая хүнийг зэрлэгээр хөнөөсөн хүний ёсноос гадуур дайнаа зөвтгөж буй нь тэр байх. Өнөөгийн Оросын нутагт малчин, анчин зэрэг бүдүүлэг хүмүүс амьдарч байжээ. Энэ нутгаас арьс, ангийн олз, ялангуяа Балтийн тэнгис хавиар элбэг олддог хув олж авчрахын тулд Хар тэнгис орчмоор нутагладаг хүмүүсийг боол болгон тийш зардаг байж. IV-IX зууны хооронд өнөөгийн Орос нутгаар Хүн, Гот, Аваар, Мажаар гэх мэтийн нүүдэлчин дайчдын түйвээн дайран өнгөрч, бэлчээр нутагт нь мал хариулдаг байлаа.  
   
Дорнод славянчууд Русь гүрнийг 988 онд байгуулжээ. Үнэндээ тэд бол өнөөгийн оросууд гэхээсээ украинчууд юм. Славянчуудаас өмнө скандинав гарлын варангианууд Дорнод Европт нэлээд хугацаагаар хяналтаа тогтоосон байв. Русь хэмээх нэр ч тэднээс гаралтай. Оросын анхны династи Рурикийнхан (1157-1598) Данийн Ютландаас гаралтай тайж угсааныхан байлаа. Х зууны дундаас славянчууд ноёлон, тэдний хаан Володимир (I Владимир) загалмайн шашинд орж Киев хотыг усан баталгаажуулжээ.

XI зуунд Киевийн Русь задран бие даасан Новгород, Баруун хойд, Зүүн хойд, Баруун өмнөд гэсэн хэд хэдэн хэсэг болон салсан аж. Чухам энэ үед нь Бат хааны цэрэг ирж бүх Оросыг нэгтгээд, үнсэн товрог болсон Киевийн оронд Ижил мөрний хөвөөнөө Сарай хотоор нийслэл хийсэн Алтан Орд хэмээх гүрэн байгуулжээ.

Бутарсан Орос дотроос Новгородын Александрыг монголчууд дэмжжээ. Чухам ийм л учраас Александр 1242 онд Нева мөрний хавьцаа Загалмайтны герман цэргийг хиар цохиж чадсан аж. Үүгээр олон зуун жил үргэлжилсэн загалмайтны аян дайны хэнээрхэл үүрд зогссон. Александр ван монголчуудын холбоотон болон хүчирхэгжсэн тул түүний туган доор Зүүн славянчууд нэгдэж чадлаа. Невийн Александр нь Оросын хамгийн эхний түүхэн баатар билээ. Чухам түүний гавьяагаар Зүүн славянчууд буюу Новогородынхон ирээдүйн дэлхийн түүхийн хамгийн хүчирхэг нэгэн үндэстний суурийг тавьжээ. Зарим мэдээгээр түүнийг Бат хаан хуурай хүүгээ болгон үрчилж авсан гэдэг. Харин эцэг Ярославыг Монгол руу явуулж тэнд нь хөнөөлгөжээ.
   
Алтан Ордыг Доны Дмитрий 1380 онд түлхэн унагасан мэтээр бичсэн түүхэн сурвалж их бий. Гэтэл өөрийгөө өргөмжилсөн, Чингисийн шууд удмын биш Мамайг нэг удаа ялсан ба хойтон жил нь Тохтамиш ирж Мамайг үлдэн зайлуулаад улсаа дахин нэгтгээд Москваг уулгалан довтолоход Дмитрий зугтан одсон байдаг. Энэ үед ид хүчээ авч байсан доголон Төмөр хаан Сарайг байн байн довтолж Алтан Ордыг ихэд сулруулжээ.
   
Хожим Сарайг хяналтандаа авсан Үз Бэк хаан Новгород болон Псковтой тэмцэлдэж энэ ажиллагаандаа москвагийнхныг татан оруулсан юм. Үз бэк хаан Москвагийн эрхэнд гарсан Иван хааныг зүйл бүрээр дэмжжээ. Ялангуяа өөрийн хяналтанд байсан Крымээр дамжуулан Константинополь, Москва хоёрыг холбож  өгсөн нь Дорнод славянчууд дундаас шинээр бүрэлдэн тогтож байсан москвагийн оросууд (moscvits) давамгайлан гарч ирж төв цэг нь болох гол шалтгаан болсон юм. 1237 онд монголчуудын  довтолгоонд өртсөн Москва нь жижигхэн цайз байжээ. Хожим нь Алтан Ордын хааны гувчуур эрхлэх газар болж өргөжин цэцэглэсэн юм. 1328 онд Москвагийн гүн Юзбе нь Алтан Ордоос “их ван” цол хүртсэнээр бусдаасаа зэрэглэл дээгүүр болох нь тэр. Ийнхүү монголчуудын довтолгоон хийгээд олон жилийн ноёрхол нь нэгд Киевийн соёлыг устгасан, хоёрт дорнод славянчуудыг Өрнөөс тасалсан, гуравт Москвагийн орос үндэстнийг буй болгосноор үл барам дорнод славянчууд дундаa үнэмлэхүй ноёлох хүч нь болгон хувиргасан ажээ.
   
Догшин Иван хаан дотоодын хямрал болуут хэсэг хугацаанд алга болдог байв. 1575 оны хавар Симён Бекбулатович гэгчийг урьж авчран хаан ширээгээ өгч, дараа жил нь титмээ эргүүлж авсан байдаг. Энэ Симён гэгч нь үнэндээ Алтан Ордын сүүлчийн хаан Ахмедийн жич хөвүүн Сайнболд ажгуу. Ийнхүү шинээр бүрэлдэн бие даасан оросын царь өөрийгөө Алтан Ордын залгамжлагч гэдгийгээ нотлон харуулсан гэдэг. Ер нь ч догшин Иван эцгийн талаас Донын Дмитрийн ач, эхийн талаас түүний дайсан Мамайн удам байлаа. Иванаас хавьгүй өмнөөс Рюрикийн удмын олон язгууртан хоорондоо өрсөлдөн Чингис хааны язгуурын гүнж нартай гэрлэн гүр, тавнан болсноор онцгой эрх эдлэх гэж тэмүүлдэг байсан. Язгууртнууд хоорондоо зарга заальхай үүсгэхээрээ хэргээ шийдүүлэхээр өргөл барьц барин Алтан Ордын хаанд очино, аль илүү хэргэм зэрэгтэй нь заргаа авах илүү магадлалтай.

Иванд ширээ залгамжлагч үгүй тул татаар монгол хүн гэгддэгээрээ ихэд бахархдаг Борис Годунов хаан болсон. Яваандаа Алтан Орд хумигдахын хэрээр эрх мэдэл орос удмынхны гарт аажмаар шилжиж эхлэв. Энэ шилжилт бараг дөрвөн зуун жил үргэлжилсэн ба II Екатерина хатан хаан Алтан Ордын хамгийн сүүлчийн үлдэгдэл Крымын татаарыг буулгаж авснаар өндөрлөсөн билээ. Энэ урт хугацаанд  оросууд түрэг монгол угсааныхныг өөртөө уусгаж авах аргаар эзэлсэн юм. Юм хоёр талтай байдаг тул энэ хооронд оросууд өөрснөө угсаатны хувьд маш их түрэгжжээ. “Орос хүнийг сайтар маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн хэллэг дэмий нэг үг биш болов уу.

Балти болон Византийн орнуудын улс төр, худалдааны хоригт хавчигдаж байсан дорнод славянчууд ийнхүү монголчуудын хүчээр хорионоос чөлөөлөгдсөн төдийгүй Энэтхэг, Перс, Хятад, Египет хүрсэн дэлхийн улс төр, худалдааны сүлжээнд нэвтэрчээ.

Орост үлдээсэн монголчуудын их өв бол Оросын хүчирхэг төрийн систем юм. Энэ төр хар аяндаа түүхэн тохироогоор буй болоогүй, үүнийг дээрээс нь доош хүртэл, гаднаас нь болон дотроос нь монголчууд буй болгон хөгжүүлсэн  билээ. Төр, шашны хүчирхэг Москва төвтэй Оросын төр буй болсон цагаасаа хэнд ч ялагдаж байсангүй (1905 онд Японд ялагдсаныг эс тооцвол). Хүчирхэг төрийн үндэс нь Үнэн алдарт шашинд байлаа. Монголчууд Үнэн алдарт шашныг онцгойлон халамжилж, зүйл бүрээр дэмжиж байв. 1328 онд Метрополитоны Петрийн сүмийг Москвад шилжүүлсэн нь нэгд, дайснаас хол аюулгүй газарт, хоёрт, монголчуудын хамгаалалтанд ойр байлгах зорилготой байв. Үнэн алдартны сүмийг хамгаалах онцгой зарлиг гаргаж, сүм хийдэд халдсан явдлыг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон ба сүм хийдийг бүх төрлийн татвараас чөлөөлсөн төдийгүй өөрснөө татвар цуглуулах эрх олгож байжээ.

Невийн Александр ван шинэ Орос улс буюу московитийг буй болгосон цагаас эхлэн Орос нь Европоос соёл, шашин, амьдралын хэв маяг, нийгмийн ухамсар, хүй хамтлагийн хувьд тасран Дорнын гүрэн болж хувирсан билээ. Олон эх сурвалж болон үе үеийн судалгаа, харьцуулалт үүний бурууг монголчуудад(?) тохдог. Оросуудын Византаас өвлөн авсан хууль зүйн уламжлалыг монголчууд доройтуулснаар улс төрийн амьдрал нь илүү зэрлэг харгис болж хувирсан гэх.

Монголчууд газар тариалангийн нийгмийн ноёдоос ялгаатай нь цаг бага учир аль болох богино хугацаанд их эд баялаг гаргуулж авах зорилготой аж. Тэд татвар цуглуулагчаа болгон янз бүрийн орос ноёдыг өөртөө татсан нь хожим бие даасан Орос улсыг шинээр байгуулагчид юм. Ийнхүү монголчууд хэдэн үеийн орос удирдагчдийг өөрийн арга барилаар хүмүүжүүлэн дадалгажуулжээ.

Догшин Иван хаан (1440-1505) Новогород, Тверь хоёрыг өөртөө нэгтгэснээр бие даасан хүчирхэг Орос орны суурь тавигдлаа. Бие даангуутаа л монголчуудын уламжлалыг үргэлжлүүлж эгшин зуур нутаг орноо тэлэх, булаан эзлэх дайнд мордов. Зуухан жилийн дотор газар нутгаа зуу дахин тэлжээ. Москвитийн төрийн гол хүч чадавхи нь цалин хөлсөндөө биш харин поместье гэж нэрлэдэг эдлэн газар авдаг морьтон дайчдаас бүрдсэн үйлчилгээний дундаж давхаргааныхан. Эд байнгын арми бүрдүүлдэггүй, ноёдыг дуудахаар очиж үйлчилгээ үзүүлээд дуусаныхаа дараа газраар шагнуулна. Газар маш уужим тул тэлэн тэлсээр хэдэн зуун жилийн дараа Номхон далай хүрсэн билээ. Дорнын орон болсон Орос нь Европыг иргэншүүлж соёлжуулсан Дахин сэргэлт, Соён гэгээрүүлэлтийн үеийг алгасан огт хөндөгдөлгүйгээр шинэ үетэй золгосон юм.
   
Лавтайяа аугаа Лев Толстой ”Цусанд чинь монгол хольц байхгүй юм бол чи ямар юмных нь орос хүн байх вэ дээ” гэж өгүүлсэн ба үнэхээр ч түүний жартгар нүд, том шанаа нь үүнийг батлах мэт.  Монголчуудын Орост үлдээсэн аугаа их өв бол oрос үндэстэн өөрөө юм.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив