Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Саньдо амбан
2016 оны 5 сарын 17 [Уншсан тоо: 87920]

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтэдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дах хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.


Манж Чин улсын үед Манжийн Эзэн хаан ба Монголын ноёд язгууртны харилцаа туйлын зохистой байжээ. Монгол ноёдын хууль ёсны статусыг Манжийн Эзэн хаан баталгаажуулж, улс төр, эдийн засаг, шашин, соёлын болон бусад харилцаа явагдах хүрээг нь бүрдүүлж байв. Монголчууд дахин нэгдэн цэргийн аюул занал учруулахаас сэргийлэхийн тулд манж нар монгол ноёдыг хяналтандаа байлгаж байсан нь үнэн боловч бусдаар бол нийгмийн дотоод хэрэгт нь шамдан оролцоод байдаггүй, гэхдээ хятадуудыг Монголтой ойртохоос хамгаалсан бодлого баримталсаар ирсэн. Энэ нь монголчуудад бие даасан бүтцээ хэвээр хадгалах боломжийг бүрдүүлж, вассалын харилцаа баримталж байсан юм. Ханддорж нар Орост сэмээр явж Засгийн газарт нь гардуулсан Богд Жавзандамбын бичигт “Хоёр зуу илүү он Монгол хан, ван, засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрсөн”i гэсэн байдаг.

Гэтэл XIX зууны дундаас Чин династи урьд байгаагүйгээр сулрав. Империалист гүрнүүд тал талаас нь мэрэн зовоосноор үл барам дотор нь олон бослого хөдөлгөөн гарч, ерөнхийдөө доройтоод ирлээ. Үүнээс болж Чингийн захиргаанд хамаарч байсан Монголын нийгэм ч хямралд идэгдээд эхэлсэн юм. Хятад цагаачид Өвөр Монголд олноор суурьших болсон нь Гадаад Монголын нийгэмд тогтворгүй байдалд үүсгэн, онц ихээр нөлөөлөх болов. Өвөр Монголд бэлчээр богино хугацаанд тариалангийн бүс болон хувирч байв. Ийм учраас тэнд монголчууд, хятадуудын хооронд байнгын маргаан зөрчил үүсэх боллоо.

Манжийн Эзэн хааны амбанаар томилогдох хүн юун түрүүн манж юм уу, монгол хүн байх ёстой, энэ албыг хятад хүнээр хаалгадаггүй. Нөгөө талаас Гадаад Монгол болон Манжуурт суух амбан нь тухайн хошууны хүн мөн үү гэдгээр хэмжигддэг байв. Хүрээ, Ховд, Улиастайд суух амбан нь дандаа монгол хүн байсан. 1899 оноос Хүрээний амбанаар суусан Пунцагцэрэн нас өндөр болж тэтгэвэртээ гарах болсон учраас шинэ амбан хэрэгтэй болжээ. Түүний дараа амбан болсон Янжин Бээжингийн Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх гэж яарсангүй, хойрго нэгэн байсан бололтой. Харин 1910 онд амбанаар томилогдсон Саньдо өөрийгөө Шинэ засгийн бодлогыг онц сайнаар хэрэгжүүлэгч гээд ойлгочихож.

1876 онд төрсөн Саньдо бол уг гарлаараа монгол хүн. Янз бүрийн зүйл, түүний дотор археологийн олдвор шимтэн сонирохдог яггүй боловсролтой нэгэн байжii. Монгол нутагт байгаа хүн чулуу, буган хөшөө зэргийн анхны бүртгэлийг тэрээр гаргажээ. Саньдо нь 1908-1909 онд Хаалганд амбанаар суухдаа дээрээс их үнэлэгдсэн нэгэн. Түүнээс нь болсон уу, мань эрийг Хүрээнд суух амбанаар томилжээ. Саньдо монгол хүн мөртөө монголоороо сайн ярьж чаддаггүй, манж, монголоор бичиж мэддэггүй, маш их хятаджсан хүн байлаа.

Хүрээнд ирээд хэдхэн хонож байхдаа бөөн хэрүүл шуугианд холбогдоод авав. 1910 оны 4 дүгээр сарын 6-нд Гандан хийдийн лам нар ба хятад худалдаачдын хооронд гарсан мөргөлдөөнийг зохицуулахаар давхиж очжээ. Хэдэн согтуу лам хятадын Даён хэмээх модны дэлгүүрт түлээ модны үнээс болж маргалдан, улмаар дэлгүүрийг нь түйвээж хаяжээ. Эргүүлүүд 3 ламыг баривчлан хүргэж явахад нь хийдийн лам нар дайрч тэдний сулласан байна. Тэгэхээр нь Саньдо өөрөө толгойлон цагдаа болон эргүүлийхнийг дагуулж очтол 2-3 мянган лам чулуу нүүлгэн хөөж явуулав. Монголд угаасаа цагдаа гэж юм байгаагүй. Саньдо ирэнгүүтээ “дээрэмчдийг баривчлах, худалдаачдыг хамгаалах” үүднээс Шинэ засгийн бодлогын Хүрээнд цагдаагийн алба байгуулсанiii. Нэг цагдаа 15 мод газар хариуцах учир “Арвантавны цагдаа” гэх нэр гарчээ.

Чулуугаар нүдүүлж уур нь хүрсэн Саньдо шууд л Жавзандамба хутагт дээр давхиж оров. Лам нарын асуудал хариуцсан Шанзавын яамны Бадамдоржтой ярьж зохицуул гэж Богд түүнд хэлэв. Хятад дэлгүүрийн хохирлыг барагдуулахаар Шанзавын яам 1 711 лан мөнгө төлсөн боловч Саньдо, Бадамдорж хоёр эндээс биенээ үзэхээ болив. Их шавиас Бээжин рүү гомдол мэдүүлж, Саньдогийн хатуу ширүүн аашийг шүүмжлээд албан тушаалаас нь зайлуулахыг хүсчээ. Саньдо зөрүүлээд Бадамдоржийг Шанзавын яамнаас зайлуулах хүсэлтээ Бээжин рүү илгээвiv. Саньдо Бадамдоржийг “тун зальтай этгээд” гэж тодорхойлсон байна. Бээжин Саньдог дэмжиж Бадамдоржийг огцруулав.

1911 оны 1 дүгээр сард Хятадаас Тай Зайлин-гийн цэрэг “Цэргийн хэрэг явдлын газар” гээчийг байгуулахаар Хүрээнд ирлээ. Энэ нь Халхад цэргийн үйл ажиллагааг хяналтандаа авах зорилготой юм. Энэ бол монгол ноёдын улс төрийн эрх мэдлийг ганхуулах зорилготой. Үүгээрээ Саньдo Жавзандамба болон лам нарын үзэшгүй дайсан болсон байснаа одоо ноёд, ван гүн нарын дайсан болж эсрэг фронтоо улам хүчирхэгжүүллээ.

Яг энэ үед Сайнноён Намнансүрэн Богдод захидал бичиж халхын дөрвөн хан нийлж хурал зөвлөлгөөн хийх санал гаргасан байна. Богд ч шууд дэмжлээv. Монголд 40 жил консулаар ажиллаж бараг дэлхийн рекорд тогтоосон Яков Шишмарев тэтгэвэртээ гарч, түүнийг В.И.Лавдовский гэгч орлож байсан үе. Монголчууд Саньдогийн “дарангуйлалд” байхдаа Оросын консултай холбогдсон суваг буй болгочоод байжээ. Ингээд зөвлөлгөөний шийдвэрээр Намнансүрэн, Ханддорж, Хайсан нар Санкт Петрбург руу явахаар болжээ. Монгол ноёд хуврагууд эцсийн шийдээ 7 дугаар сарын 28-нд Ладовскийд хүргүүлэв. Төлөөлөгчдийг хүлээж авна гэсэн Петрбургийн шийдвэр иртэл түр хүлээж байхыг хүссэн боловч тэд ердөө маргааш нь тоосон ч үгүй хойшоо мордчихлоо. Төлөөлөгчид Хүрээнээс хөдөлсөн мэдээг сонсоод Коростовец ГЯЯ руугаа бичсэн цахилгаандаа: “тэдний айлчлалыг олон нийтийн хэмжээнд, гэхдээ хүндэтгэлтэй хандаарай”.

Энэ хооронд Хүрээнд сууж байсан Саньдо Монголын төлөөлөгчид Сант Петрбургт очсоныг сонин хэвлэлээс олж мэджээ. Ингэнэ чинээ санаагүй байсан амбан хар уурандаа арга хэмжээ авахыг оролдож ядсандаа Богдын ордонг цэргээр бүслүүлж тэнэгтэв. Оросуудаас шахалт ирлээ: 1. Монгол явуулж буй Шинэ засгийн бодлогоо зогсоо. 2. Монголын төлөөлөгчдийг нутагтаа буцаж ирэхэд нь шахалт үзүүлж болохгүй. 3. Монголд ямар нэг бодлого хэрэгжүүлэхийн өмнө Орост мэдэгдэж бай.

Ингэсгээд ер нь ч Бээжин Монголд явуулж буй бодлогодоо өөрчлөлт хийхгүй бол горьгүй юм болох нь гэдгийг ойлголоо. 10 дугаар сарын эхээр  Санкт-Петербург дэх өөрийн түр хамаарагчаар дамжуулан Оросын ГЯЯ-нд “Монголд явуулж буй өөрийн цэрэг- улс төрийн шинэтгэлийн бодлогоо зогсоолоо” гэж мэдэгдсэн байна. Тай Зайлингийн цэргүүд ч Хүрээнээс гарч одлоо. Үр дүнд нь Оросын Засгийн газрын шаардлагыг Манж Чингийн эрхтнүүд хүлээж авснаар Гадаад Монголд үүссэн түгшүүрт байдал түр намжив. Яг л энэ үеэр Манжийг төрийг эсэргүүцсэн Учуаны бослого дэгдэх нь тэр. Гэвч бүх юм нэгэнт оройтжээ. Чин династи дотроо ч тогтох хугацаа нь дууссан, монголчууд одоо Шинэ засгийн бодлого халагдсанаар сэтгэл ханахаа ч нэгэнт больчихсон байв.

Халхын голлох удирдагчид “Түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” гэдгийг бараг л нууж хаах юмгүй байгуулахаар Саньдод зуучлагч хэрэг болов. Урьд амбан байсан Пунцагцэрэн, Шанзавын яамнаас хөөгдсөн боловч саяхан эргээд албан тушаалдаа орсон Бадамдорж нараас Саньдо тусламж гуйсанд цаадуул нь ёстой нэг бах нь ханасан маягтай хүйтнээр татгалзах нь тэр. Бадамдорж ялагч болж, Саньдо шалдаа буулаа.

                                                                                                                 
i
Баркман.Удо.Б. Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн үйл явцын тухай (“Монголын тусгаар тогтнол ба монголчууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл) х-172
ii Батбаяр Ц. Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд (Улаанбаатар  1993) х-48
iii  Тацүо Наками Үндэстэн улсаа байгуулахыг зорьсон нь (“Монголын тусгаар тогтнол ба монголчууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл) х-14-15
iv Жамсран.Л. Монголчуудын сэргэн мандалтын эхэн, 1911-1913 (Улаанбаатар  1992) х-44
v Чойжамц.Д. Гэгээрсэн сэтгэлээс Гэгээрсан амьдрал (НЭПКО Паблишин 2016) х-59





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив