Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын зовлонд хорвоо цаддаггүй ээ
2016 оны 6 сарын 13 [Уншсан тоо: 288022]

Таван толгой гээд нэг үйлтэй газар Монголын өмнөдөд байх. Тэнд коксжих нүүрс байгааг мэдээдэхэж. Нүүрсийг нь ашиглах тогтоол 1969 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос гарчээ. Японтой хамтарч ашиглах санаачлага гаргаад зөвлөлтүүдэд алуулах шахсан байна. Дараа нь румынчүүд авья гэж бүлтэрснээ тээврийн зардал нь өндөр гээд гол гаргачихав. Хойт Солонгосын Ким Ир Сэнийг урьж авчраад баахан панаалдсан чинь зөвшөөрсөн царай гаргаж байснаа таг чиг болчив. Хойтууд нь болдоггүй юм бол өмнөдүүдийг нь панаалдья гээд Самсунг компанид үзүүллээ. Баахан тамшаалж байгаад дэд бүтэц нь өртөг ихтэй юм байна гээд шилээ харуулав. Гэтэл дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох BHP гэнэт сонирхоод хайгуулын лицэнзийг нь авчихлаа. За одоо л нэг мөнгө гоожуулах нь дээ гээд горьдоод сууж байтал өнөөдүүл чинь төдөлгүй лицэнзээ буцаагаад өгчихдөг байгаа.

Эзэнгүй хэвтэж байсан лицэнзийг нь Батболд авчээ. Сайд болов, дарга болов, тэрбайтугай ЕС болов, ингээд эх орончдын хараанд өртлөө. Ганцаараа биш 13-уулаа хуваажээ. Мэдээж бүгдээрээ луйварчин, Хятадын тагнуул, эрлийз, үгүйдээ л хурлийз, Монгол улсыг лангуун дээр тавьж байгаад зарах гэж байгаа этгээдүүд. Ойлгомжтой шүү дээ! Монголын дайснуудыг дарах хөдөлгөөн улс даяар өрнөж хүн болгон энэ дайнд чадлын хэрээр хувь оруулан тэмцсэний үр дүнд Засгийн газар 90 хувийг нь хураагаад авчихлаа. Ердийн иргэншсэн оронд үүнийг төрийн дээрэм гэж нэрлэхүйц авч Монголд энэ нь тусгаар тогтнолын төлөөх ариун дайны ялалтаар тэмдэглэгдлээ.

Дэлхийн нийт гангийн 60 хувийг нь үйлдвэрлэдэг Зүүн Азийн 3-4 орныг коксжих нүүрсээр хангадаг Австралийн асар том орд юу ч үгүй үерийн усанд автаж 20 орчим доллар байсан нүүрсний үнэ явсаар 130 доллар болох нь тэр. 10 хувиа авч үлдсэн монгол компани энэ бололцоог ашиглан Хонконгийн бирж дээр нээлттэй хувьцаа гаргаж хөрөнгө босгож эхэлсэн нь монголчууд олон улсын арилжаанд оролцох болсон анхны тохиолдол байлаа. Ховдод нүүрс зөөх дэд бүтэц гялалзуулаад босгочихлоо. Дагаад хулгай гаарав. Урд хилээр богооноос илүү нягт чихэлдсэн нүүрс ачсан том машинууд даац хэтрүүлэн давхиж талыг там болгоно. Жилд гурав дөрвөн сая тонн нүүрс гаргаж байсан нь овор хэмжээний хувьд ч, үнийн дүнгийн ч хувьд Монголын түүхэн дахь давтагдашгүй рекорд байлаа. Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл хэдхэн жилд 10 дахин өсч дэлхийн шинэ рекорд тогтоов. Дэлхийн том том мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг дараагийн Азийн шинэ бар гэж тодорхойлохдоо огтхон ч эргэлзсэнгүй.

Олдсоныгоо дор нь үрдэг уламжлалтай монголчууд хэдэн жилдээ тансаглаж гарлаа. Долоон тэрбум долларын автомашин, тэрбумын гар утас авсан нь наад захын жишээ. Гадаадад эмчлүүлэхэд иргэд жилд 600 сая доллар гарлагадна. Төрийн баярхал, иргэдийн цамаархлыг яриад ч яахав. УИХ төсвийн тодотголыг төсөв хүрэхээ болихоор танаж хийдэг бол тэр жилүүдэд илүү гарсан мөнгөө бушуухан далд оруулах гэж жилд хэд хэд хуралддаг боллоо. Шил архины жишигтэй байсан авилга тэрбумаар яригддаг боллоо. Авилгад өгсөн арван сая төгрөгийг голж "овоонд өргө" гэнэ. 

Мөнгөтэйн зовлон мөнгөгүйн зовлонгоос илүү тамтай. Хуримын, хүүхэд төрүүлсний, ерөөсөө хүүхэдтэйн, хүүхэд нь сургуульд сурсны, хөгширсний, гэмтсэний, ядуурсны, өвдсөний, зүгээр л баяр хүргэж бэлэн мөнгө тараасаар нийлбэр нь дорхноо 4 тэрбум доллар болжээ. 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнгийн задаргаа анализаас үзвэл Монголд 200 мянган насанд хүрсэн хүн ямар ч ажил хийх сонирхолгүй нь илэрчээ. Халамжийн үр дүн. 

Австралийн коксжих нүүрснээс дагнасан хамааралтай байсан Хятад, Солонгос, Японы үйлдвэрлэгчид сандарч эхэллээ. Усанд авахуулсан орд тэгэсхийгээд хатах нь ойлгомжтой боловч ганц зах зээлээс хамаарсан үйлдвэрлэл маш эрсдэлтэй болохыг тэд ясандаа тултал ойлгожээ. Эрсдлээс зайлах арга нь Монголын ТТ-тэй гэрээ байгуулах. Хятадын хувьд ган үйлдвэрлэл нь хойд нутагтаа, коксжих нүүрсний нөөц нь өмнө талдаа байдаг. Нүүрсний бизнес бол орд ашиглалт гэхээсээ тээвэр юм. Эх газрын гүнд байгаа Монголын нүүрсийг далай хүртэл тээвэрлэвэл өнөөх нь “алт” болж хувирна. Монголын давуу тал нь дэлхийн хамгийн том төмөрлөгийн хот болох Бугаттай ойрхон. Иймээс япон, солонгосчууд Монголоос авах нүүрсээ далайн эрэг дахь Хунань, Юнаниас шууд зөөх, хариуд нь өөрийн квотоо Бугат руу гаргах арга юм. Ингэж байж биенесийн утгатай болно. 

ТТ нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар Хятад, АНУ, Япон, Солонгос, Оросын нүүрсчдийн Монголын Засгийн газартай хийх хэлцэл 6 жил үргэлжиллээ. Монголчууд юу хүсээд байгаа нь энэ олон жилд огт ойлгогдсонгүй. Эрхтэн дархтан болгон нь өөр өөр юм ярьж биенээ үгүйсгэнэ. Америкийн хамгийн том нүүрсний компани Пи Боди ТТ-д хөрөнгө оруулахын тулд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулаад 9 жил хүлээсэн гээд бод доо. Хятадын Шиньхуа хэмээх бас л асар том компани мөн ийм хугацаагаар Монголын Засгийн газрыг царайчилсан. Солонгосын Поско компани бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч. Захирал нь энэ хооронд Сөүл-Улаанбаатар байнга нисдэг л ажилтай байсан байх. Японы 7 компани ТТ-г сонирхож байлаа. Хэлэлцээ хийгч болгон өөртөө ашиг унагах гээд, тэдний өрсөлдөгч нар нь авилгыг ядахнаа хуваалцах, болбол өөрснөө дагнах гээд байгааг гадны хөрөнгө оруулагч нар ойлгохгүй явсаар таван жилийг үджээ. Монголын төрийг ээлж дараалан төлөөлөх хүмүүс “надад бүхлээрээ олдохгүй бол чамд ч үгүй, надад ч үгүй” гэсэн нугаршгүй хатуу зарчим баримтлав. Бухал манасан нохой аятай “чамд ч үгүй, надад ч үгүй”.

Австралийн нүүрсний орд хатлаа. Үнэ эрчимтэй унаж эхлэв. ТТ-тэй тэнцүү хэмжээний том орд болох Мозамбикийн коксжих нүүрсний орд нээгдэв. Далайгаас 200 км зайтай энэ ордын эргэн тойрныг иргэний дайны үед битүү минижүүлсэн байсныг хятадууд янзлаад дууслаа. Азийн гол ган үйлдвэрлэгчид Австралиас гадна Мозамбиктай гэрээ хийн нэг цэгээс хамааралтай байдлаасаа салж баталгаажив. Тэдэнд одоо Монголын нүүрс хэрэггүй. ТТ хариуцсан Монголын компани Хятадын Чалко компанитай тонныг нь 70 доллароор зарах гэрээ хийсэн байсныг Засгийн газраас “эх орноосоо уравсан явдал” гэж зараллаа. Ингээд нэгэнт хийгдсэн гэрээг цуцлав. Харин Чалкогийн дарга ярихдаа “Би монголчуудтай үнэн тэнэг гэрээ хийж маш их алдагдалд орох болчихоод байсан чинь тэд өөрснөө гэрээг цуцалж намайг цаазаар авахуулах ялаас мулталж өгдөө” хэмээн баяртай, ёжтой өгүүлэх аж. Нүүрсний үнэ 30 доллар руу ороод ирлээ. Нүүрсний үнэ унасан юм биш, Австралийн үерийн дараа өөрийн байсан жинхэнэ үнэ рүү орж ирсэн хэрэг л дээ. Монголын нийт нүүрсний нөөцийг 130-150 тэрбум тонн гэж үздэг. Харамлаад, эсвэл булаацалдаад байсан ТТ-ийн нөөц 7 тэрбум байгаа нь нийт нөөцийн ердөө 5 хувь гэсэн үг. “Би энэ төслийг унагааснаараа маш их бахархаж байна” хэмээн гишүүн авгай ихэд хөөрөлхөн мэдэгдсэн ба түүнийг одоо дахин юм хум нураалгахын тулд Монголын ард түмэн гишүүнийг нь нахиулах гэж байгаа. 

Нүүрсний үнэ унаад баярхал тансаглал өндрөллөө. Гэвч нам засаг сонгуулиар ард түмнээ харж үзсээр. 2012 онд Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 70 сая доллар зээлж аваад ард түмэндээ бэлнээр нь тарааж орхив. Үүнээс сонин юм гэвэл ТТ-н хувьцаа гээч хуурамч амлалт. Хувьцаа гэдэг бол бирж дээр нээлттэйгээр үнэ нь тодорхойлогдсон үнэт цаасыг хэлдэг. Хувьцааны үнэ ямар байхыг зах зээлийн ханш мэднэ. Бирж дээрх хувьцааны үнэ цэвэр итгэл дээр тогтоно. Тухайн үйлдвэрлэл ашигтай гарна гэж тооцоолсон үедээ хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Гэвч энэ нь тун мэдрэг, эрсдэлтэй үйлс. Тухайн үйлдвэрлэл, компаний тухай муу мэдээ гарвал хүмүүс дорхноо хувьцаагаа эргүүлж заран салахын түүс болно. Тэр хэрээр хувьцааны үнэ унана.

Ингээд бид манасан өвсөө өөрөө идэхээр шийдсэн нохой боллоо. ТТ-ын хувьцаа гээд хүн болгонд “ноогдуулсан” гэх 1072 “хувьцаа” бол огт байхгүй зүйл. Үнийг нь Засгийн газар тааз харж байгаад зохиосон бөгөөд тэр үнээр нь хэн ч тоож авахгүй. Энгийнээр тайлбарлая л даа. Малчин Балган 500 хоньтой, нэг болгоныг нь өөрөө сая төгрөгөөр үнэлж боддог байж. Мэдээж зах дээр хонь 150 мянган төгрөг болохоор хэн ч Балганаас хонь худалдаж авахгүй. Мань Балган айлуудад хонио үнэгүй тараажээ. Гэхдээ үнийг нь өөрийн сая төгрөгөөр тогтоосон байна. Хонио саяар өгнө гэсэн бол хэн ч авахгүй, харин үнэгүй гэсэн болохоор цаадуул нь нугасгүй. Балган хонио дэлхийд ховор, хаана ч олдохгүй тусгай мал учир сая төгрөгөөс буурахгүй гэж донгосдог байсныг голынхон цөм мэдэх авч энэ удаа зүгээр өгч байгаа учраас уухайн тас шүүрэн авчээ. Хонь үнэгүй тараасан учир тэр хавьд хонины үнэ эрс доошилж хүмүүс хохирлоо. Дээр нь бүгдээрээ авсан хонь болгоныхоо тоогоор Балганд сая сая төгрөгийн өртэй болчиж буй хэрэг. Балган дурак бишээ. Хэдийгээр муу хэлүүлэх боловч бүхий л голынхныгоо дарамтлах эрхтэй болчиж буй. Яг иймэрхүү маягаар МАНАН сая байхгүй хувьцаагаа тарааж өгснийгөө эргүүлж худалдаж авахаар боллоо. Хүмүүс бөөн баяр, хариуд нь биднийгээ сонгоорой.

Өдгөө Монгол улс ор тас мөнгөгүй болсон. Нүүрсний зүүд мэт алтан үе өнгөрсөн. Ширхэг болгоныг нь Англид хоёр цэнтээр хэвлүүлдэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй төгрөгийн дэвсгэртүүд бол харин овоо ихээр хураалттай байгаа. Монгол төгрөг цаанаа хадгалагдсан чөлөөт валют, алтны нөөцөөр баталгаажина. Тийм нөөц үгүй бол зүгээр л нэг цаас. 

Харааж загнаж, хардаж нулимж байсан Оюутолгойн төсөл эх орончдын халдлагад өртөөгүй бол 2017 онд ашиглалтад орох байлаа. Энэ төслийг 3 жил зогсоосон тул гүн хардлагад өртсөн Дубайн гэрээгээр дахин үргэлжлүүлэх болсон ба 2021-2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Ингэхээр тэр болтол бид валютын нөөцөөр хомсдоно. Бидэнд өөр зарах юм байхгүй. Хөрөнгө оруулах гэсэн болгоныг шоронгоор, бослогоор, эвдэн сүйтгэлээр айлгасаар байгаад үлдэн хөөж дууссан. 2017 он бол графикаар хамгийн их өр төлөх жил. Одоо сонгуульд зориулж хулхи хувьцаа худалдаж авах маягаар бэлнээр тарааж байгаа ардаа баталгаагүй мөнгө маргаашийг ална. Бондоор төлчихөнө гэж энэ галзуу төлөвлөгөөг зохиосон эр зурагтаар жавьждав. Бонд гэдэг бол хэн нэгэн дараа хүүтэй төлөх амлалт өгч байж авдаг зээл. Түүнээс түүний яриад байгаа шиг дотроо алт агуулсан хайрцаг сав биш. Монголын Засгийн газрын бондны хүү зах зээлд 15 хувийн хүүтэйгээр л борлогдоно. Цаашид хүү улам өсөх байх. Юу гэвэл дэлхийн зах зээл бидэнд итгэхгүй учраас ийм өндөр хүү гарч байгаа юм.

30 доллар хүргэж чадахгүй байгаа нүүрсээ 1500 доллароор Японд зарахаар болчихлоо. Энэ дэлхийд Япон шиг тэнэг орон байдаггүй бололтой. Нүүрс бол органик бодис. Иймээс гүрийх юм бол нүүрснээс мах, талх ч үйлдэж болно. Лабраторийн нөхцөлд шүү дээ. Өртөг нь харин Балганы хонь шиг байх вий. 

Энэ өгүүллээр сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн юм биш. Тэртэй тэргүй бэлэн мөнгө өгнө гэхээр манай ард түмэн уухайлаад л дайрна, эрүүл саруул үгийг нохой хуцсан чинээ тоохгүй. МАНАН-г битгий сонгоорой гэж байгаа юм биш. Тэртэй тэргүй бидэнд өөр гарц, өөр улс төрийн нам байхгүй. Бусад нам болон бие даагчид бүр ч аюултай, долоон дор. Жоомноомоо салах гэсэн биш гэрээ шатаана. Цаг хугацаа аяндаа эмчлэнэ л гэж найдахаас. Уг нь сонгуулиар улс орны дааж дийлэхгүй амлалт өгөхийг хориглосон хууль нэлээд хэдэн жилийн өмнө чухам МАНАН-гаас л гаргасан. Гэхдээ эрх мэдэл булаацалдсан өрсөлдөөнд хууль байтугай эрүүл ухаан ч нөлөөлдөгүй бололтой. Эрүүл ухаан байдагсан бол энэ удаагийн сонгуульд ялах гэж улайрах хэрэггүй л юм. Ирэх дөрвөн жил маш хүнд цаг үетэй тулгарна, өвчин зовлонтой нэгнийгээ дагаж хөөрөн нүцгэн гараараа улаан гал баримааргүй. Тэр дундаа улаан галаа өөрөө тавьчихаад шүү.

2016.6.11 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив