Улстөрийн нам, түүний утга учир
2016 оны 6 сарын 20 [Уншсан тоо: 105413]
Улс төрийн нам гэсэн ойлголт тун шинэ, ердөө л 150 гаруй жилийн түүхтэй. Гэтэл орчин үеийн ертөнцөд улстөрийн намгүй улс орон хэдхэн бий. Ерөөсөө улс төрийн намыг хориглодог абсолют монархи буюу бүх эрх мэдэл хааны гарт байдаг Иордани, Кувейт, Бутан, Оман гэх мэтийн орон, эсвэл оршин суугчид нь бүгд биенээ таньдаг 10-30 мянган хүн амтай жижиг арлын улсууд байна. Дарангуйлагч төр бүхий нэлээд оронд ганцхан улс төрийн нам байдаг. 1990 он хүртэл Монгол нь үүний нэг жишээ байсан. Гэхдээ сөрөг хүчинтэй, чөлөөт сонгуультай мөртөө нэг л нам сонгуульд ялаад байдаг ардчилсан орон байдгийн жишээ нь Японы либерал ардчидсан нам юм. Үүний учрыг тус нам дотроо маш өрсөлдөөн бүхий олон фракцитай, тэр нь олон намын тогтолцоог бүрдүүлдэг гэдгээр тайлбарладаг. Чөлөөт сонгуультай мөртөө нэг нам зонхилдог өөр нэг орон бол XXI зууны Орос. Энэ нь хагас дарангуйллаар тайлбарлагддаг.

Хоёр намын тогтолцоот улс гэж нэлээд буйгийн тодорхой жишээ нь АНУ юм. Тэнд бүртгэлтэй, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг хичнээн нам байдгийг бурхан л мэдэх байх, гэхдээ сонгууль болоход хоёрхон нам л бүх эрх мэдлийг хувааж авдаг нь уламжлал, тогтолцоо, сонгуулийн систем, хүн амын тогтсон сэтгэлгээнээс үүдэлтэй. Монгол улс ардчилсан чөлөөт тогтолцоонд орсноос хойш чухамдаа хоёр намын систем рүү л улам бүр хандаж байна.

Олон намын тогтолцоо дэлхийн ардчилсан ихэнх орнуудад, тэр дундаа Европт зонхилж байдаг. Төрийн эрхийг сонгуулиар авах ижил бололцоо бүхий 3-4 намтай Финланд мэтийн, дангаараа бүрэн ялах бололцоогүй боловч гуравдахь намыг өөртөө эвсэл болгон авч төрийн эрхийг авдаг Итали, Герман мэтийн гэх зэргээр тогтсон уламжлал, улс төрийн хандлага нь ийм болсон олон орон бий л дээ. Энэтхэгт 20 гаруй нам нийлж эвсэл болж байж арай гэж засгийн эрх авч байсан тохиолдол ч гарч байсан. Ийм байдал Монголд 2012-2016 онд ажиглагдлаа.

Сонирхолтой нь аль ч улс оронд судалгаа хийгээд үзэхэд хүн амын үлэмж хэсэг нь ерөөс улстөрийн нам байх утга учрыг ойлгодоггүй. Саяхан Орост хийсэн судалгаагаар хүн амын 40 хувь нь улс төрийн нам ямар хэрэгтэйг огт ойлгохгүй байжээ. Олон жилийн ардчиллын уламжлал туршлагатай газар хүн амын дийлэнх нь улстөрийн намын үүрэг ролийг сайн ойлгодог. Монголд ийм судлагаа хийгдсэнийг сонсоогүй, гэвч аль ч намыг дэмждэггүй нийгмийн хэсэг юутай ч 50 хувь хүрдэг. Гэхдээ Чөрчиллийн онож тодорхойлсноор удирдлагаа ард түмнээрээ чөлөөтэй сонгож буй болгодог ардчилсан тогтолцоо нь төгс төгөлдөр хувилбар биш ч гэлээ өнөө болтол хүн төрлөхтөн илүү дээр систем бодож олж амжаагүй л явна.

Ард түмэн чөлөөтэйгээр өөрийн үзэмжээр сонгочихоор л зөв мэргэн болчихдог юм биш гэдгийг тухайн үедээ дэлхийн хамгийн соёлжиж иргэншсэн ард түмэн асан германчуудын Гитлерийг гаргаж ирсэн гучаад оны сонгуулийн дүн харуулдаг. Тэгэхээр сонгууль болгонд л улс орноо нурааж сүйтгэх гээд байдаг популистууд, эсвэл луйварчин дээрэмчин, эсвэл өөрт таалагддаг бөх, дуучин зэргийг уухайлан дэмжиж сонгоод байдаг бидний өнөөгийн байдал аргагүй л өөрийн тайлбартай. Дандаа ингээд байхгүй биз дээ, яваандаа хэрсүүжих биз.

Ингэхэд улстөрийн нам ямар зорилготой, оршин байх нь ямар утга учиртай юм бэ? Сонгодог утгаараа бол Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм. Улс төрийн намын үндсэн үүргүүд:

Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).

Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либерал, консерватив, социал-демократ, фашист, коммунист гэх мэт) санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.

Улс төрийн үүрэг (Сонгуулийн үүрэг, Удирдлагын үүрэг) - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.

Ерөнхий үүрэг - Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах

Энэ бол сонгодог ойлголт. Гэвч хорвоо ертөнц өдөр ирэх бүр өөрчлөгдөж, олон үзэл суртал цагийн аяс даалгүй мартагдаж байна. Дэлхий даяар нийтээр илүү пракматик болж ерөнхий үзэл бодол улам бүр ойртож байна. Харин төрд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, түүнийг илрүүлж олох, дэмжин тэтгэж төрийн бодлогыг тодорхойлохуйц албан тушаалд тавих Улстөрийн үүрэг улам чухалчлагдаж байгаа юм. Чөлөөт ардчилсан оронд төрийн мэнэжмэнт хийх боловсон хүчнийг сонгон шалгаруулах, зөв хүнээ олох явдал нь өрсөлдөөнөөр шийдэгдэнэ. Чадварлаг зөв хүнийг олж тодруулан эрх мэдлийг атгуулах нь нийт ард түмний эрх ашиг юм. Сонгуулийн эцсийн зорилго нь энэ. Чөлөөт өрсөлдөөний эцсийн дүн тавигч нь нийт ард түмэн. Улстөрийн намын гол үүрэг бол энэхүү улстөрийн зах зээлд төр удирдаад явах хүмүүсийг олж өрсөлдүүлэх явдал. Ийм л учраас улстөрийн нам нь сонгуульд өрсөлдөх боловсон хүчнийг зөв олж тодорхойлох, өөрөөр хэлбэл сонгуулийг зохион байгуулахад хамгийн гол анхаарлаа хандуулах учиртай.


Мэдээж манай ард түмний нийгмийн ухамсар дорой, ардчилалд туршлага муутай, ард түмний уламжлалт сэтгэлгээ нь сонгодог ардчиллаас хол хөндий учир улстөрийн намууд тэдэнд аль болох таалагдах олны танил нэгнийг нэр дэвшүүлдэг. Гэхдээ дандаа ийм байгаад байхгүй, ирэх цагийн өнгөн дээр улам бүр туршлагажин, нийгмийн эрх ашиг гэгч чухам юун дээр тогтдогийг ойлгон ухаажих цаг хэзээ мөдгүй ирнэ. Чөлөөт нийгэмд төрж өсөн, нийтийн эрх ашгийг ойлгодог залуу үе улам бүр түрсээр байна. Ийм цаг үед дараа үеийхнээ бэлдэх нь Монголын хоёр намт тогтолцооны гол хариуцагч МАН, АН-ын үүрэг юм. Харин тэгэж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал.

Хэрэвзээ улстөрийн нам нь өргөн олны хөдөлгөөн юм бол, эсвэл нийгмийн элит хэсгийн бүлэглэл юм бол, эсвэл тодорхой анги бүлгийн нэгдэл юм бол, эсвэл тодорхой үзэл бодолтны цугларал юм бол аль ч тохиолдолд нь улс төрийн намын хамгийн гол үүрэг болох сонгуулийн ажиллагаанд хамрагдах гишүүд дэмжигчид нь бүрэн оролцох ёстой. Улстөрийн нам чухам энэхүү гишүүд дэмжигчдийнхээ нэр нүүр, нуруун дээр тогтож байгаа шүү дээ. Иймээс сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал намын гишүүд дэмжигчдийн эхний шийдвэрлэвэл зохих гол ажил нь. Иргэд хэнийг дэмжиж байна вэ гэсэн судалгаа хийдэг. Дараа нь тухайн намын гишүүд дэмжигчид хэнийг дэмжиж буйг судалгаагаар тодруулдаг. Дараа нь чухам хэнийг нэр дэвшүүлэх талаар гишүүд дэмжигчдийн дотор өргөн шүүмжлэл өрнүүлэх, улмаар урьдчилсан сонгууль явуулдаг. Бүгд ил тодоор. Ингэж байж шудрага болно, ингэж байж олныг хамарсан улстөрийн намын ардчилсан нээлттэй утга учир гардаг. Манайд улстөрийн зонхилох хоёр нам ингэж чадаж байна уу?

Хоёр намын сонгуульд хүнээ бэлтгэж байгаа, дэвшүүлж байгаа болон цаашхи механизм нь яг адилхан. Хуйвалдаан, бүлгэрхэл, жалга дов болон төрөл садны хэлхээ, аппарат болон удирдлагын хэдэн хүний үзэмж, нууцлал, тодорхойгүй байдал, хээл хахууль, булагнал зэргээр ард түмэнд нэр дэвшигчээ тулгадаг. Хэдийгээр хоёр нам адилхан боловч мэддэгээрээ Ардчилсан нам хэрхэн нэр дэвшигчээ тодруулж байгааг хэлье л дээ. 2012 онд УИХ-д гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа хэд нь учир битүүлэг шалтгаанаар “фракц” гэгч болоод хуваагдчихаж. Фракцын толгойлогч гэх хэд нь хаалгаа түгжиж байгаад сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах жишээтэй. Сая 2016 оны нэр дэвшигчдийг 250 хүнтэй Үндэсний зөвлөл тодруулахаар боллоо. Сонгуулийн хуулиар тухайн товолсон өдрийн 00 цагт бүх нэр дэвшигч тодорсон байх ёстой. Үндэсний зөвлөлийн хурлыг тэр өдрийн 5 цагт товолсон боловч 11 цаг хүртэл намын дарга ор тас алга болчив. Гишүүд 6 цаг хүлээсний эцэст дарга 76 бэлэн нэртэй орж ирлээ. Хуулиар тогтоосон хугацаа дуусахад хэдхэн минут дутуу учир нийт намаараа сонгуулиас хасагдчихгүйн тулд “цайтнот” хэмээх цагт хавчигдах үзэгдэл болж, намын даргын өөрөө зохиогоод оруулж ирсэн “санал” гэгчийг бөөнөөр нь зөвшөөрөхөөс өөр арга гишүүдэд байсангүй. Нийт намын байтугай удирдлагын хэсэгт ч ямар ч шүүмжлэл, өрсөлдөөн болсонгүй. Удирдлага нь олон нийтээ үл тоосон, цөөнх нь олонхио басамжилсан ийм бүтэц төлөвшсөн улстөрийн нам болж чадна гэж үү?

Улстөрийн намын гол үүрэг болох төрд зөв хүн сонгон шалгаруулах гол утга ингээд будаа. Хоёр намаас төрдөө өргөн барьж буй нэрст хулгайч луйварчин, популист, авилгач, урлаг спортын алдартнууд олон байдгийн цаад шалтгаан нь энэ билээ. Улстөрийн хоёрхон нам байгаа тохиолдолд нэр дэвшүүлэлт, боловсон хүчний бэлтгэл туйлын хурц өрсөлдөөнтэй байж төрд ажиллах хүний шалгаруулалт илүү оновчтой болно. Гэтэл хуйвалдааны журмаар биендээ харилцан тавьж өгөөд байх аваас буруу гарынхан төрд олноор шургалах бололцоо нээгддэг. Иймээс л ардчилсан тогтолцоонд улстөрийн нам төлөвшиж чадаагүй цагт төр төлөвшиж чаддаггүй гэж ярьдгийн учир энэ.

2016.6.19
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив