Ёстой гоё сонгууль боллоо
2016 оны 7 сарын 2 [Уншсан тоо: 675612]
Сонгуулийн дүн гарлаа. Хамгийн харамсалтай нь нийслэлчүүд Бат-Үүлийгээ алдлаа. Түүн шиг сэтгэл зүтгэл гаргаж зангаргатай хандан хотоо босгох өөр хүн дахиж олдоход мөн ч хэцүү дээ. Судалгаагаар нийслэлчүүдийн бараг 90 хувь нь Бат-Үүлийг дахин хотын дарга болгох хүсэлтэй байсан. Гэхдээ УИХ дахь АН-ын жудаггүй, өөдгүй, худалч, хамаг муу муухай шингээсэн гишүүдэд жигшсэн иргэд Иргэдийн төлөөлөд нэр дэвшигчдийг нь унагаж өглөө. Бат-Үүлийг ард түмэн биш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид сонгодог гэдгийг ч хотын иргэд ойлгоогүй. Бат-Үүлийг мяалж, хийсэн болгоныг гутаан эсэргүүцэж, гэр бүлээр нь оролдон гүтгэж, нас 40 хүрч бүрэн бие даасан хүүг нь гүтгэх замаар түүнийг харлуулж, жудаг шижээргүй боорлогсод өнөөдөр хотын удирдлагад гарлаа. Их бүтээн байгуулалт хийж, ядахнаа л хотоо хоггүй болгосон нь Үүлийн буруу байсан юм бол одоо эд яахав? Айл болгоноос хогийн мөнгө хураадгийг эд урьд нь хуваагаад ор мөргүй идчихдэг байсныг Үүл хог худалдан авдаг болсноор хотоо цэвэрлээд илүү гарснаар нь уут авч тараасан. Эдний шүүмжилснээр хогийн уут авснаас цэцэрлэг байгуулах ёстой байсан гэнэ. Хогийн мөнгө гэж авчихаад сургууль байгуулж болох уу? Уг нь ч сургууль байгуулна гэвэл удирдлагад илүү унацтай л даа.

Хотын шинэ даргаар дахиад нэг улаан хацарт гарч ирж буй бололтой. Парис хотын удирдлагад зөвхөн энэ хотод төрж өсөөд насаараа амьдарсан хүмүүсийг томилдог ба тэд л хотын ерөнхий дизайныг шийддэг нь хэв маяг уламжлалыг нь алдагдуулахгүй гэсэн санаа болохоос хөдөөнийхнийг гадуурхаж буй хэрэг биш. Хятадад намын шугамаар дэвшсэн олон тариачин хотуудын удирдлагад гарчээ. Тэгсэн тэд өөрийн өссөн тосгон маягаараа төв талбайд нь шар луу ороосон улаан багана, хуучны маягийн хаалга босгон орчин үеийн модерн хотуудыг гутааж өгсөн байх юм. Иймээс төрөөс шийдвэр гарган хөдөөний хүнээр хотын төлөвлөлт дизайныг шийдүүлэхийг хоригложээ. Үүлийн өмнөх хотын удирдлагууд Улаанбаатарыг маань оршуулгын газар шиг талийгаачдын баахан баримлаар дүүргэж байсныг санаж буй биз дээ. Би энэ хотод төрж өсч хүмүүжиж бүхий л амьдралаа өнгөрөөсөн болохоор хотдоо хайртай. Хогондоо дарагдаж, газрын наймааны буянаар явах хөдлөх зайгүй болж, шөнө тас харанхуйд ноёлуулсан, автомашины бөглөө нь таг зогсоосон, янхан согтуучууд хотын төвөө эзэмшсэн Улаанбаатарыг минь хоёр гурван жилийн дотор яаж өөрчилснийг бүгд мэднэ. Ийм л учраас харамсаад байгаа юм.

Сонгуулийн нийт дүн эерэг гарлаа. Сонгуулийн хороо ч хуулийн дагуу сайхан зохион байгуулж чадсан. МАН 2012 онд хар машинаас болж ялагдсан бол энэ жил хар машинаас болж яллаа гэж хэлэхгүй ээ. Ийм хоцрогдсон бүдүүлэг сэтгэлгээ цааш үргэлжилсэн бол бид компютэр, тооны машин, гар утас, АТМ, элетрон цагаа шатааж гарах байсан ч юм билүү. Нарийндаа МАН ялсан гэхээсээ АН ялагдсан юм шүү дээ. Энэ хоёр нам тус болгондоо лавтай 100 мянгаас илүү гишүүн дэмжигчтэй, Монголдоо нийгмийн мэнэжмэнт хийх бололцоотой хоёрхон л улс төрийн хүчин. Гэвч аль алиных нь удирдлага олон түмнээсээ тасарч, дураараа загнаж дунд чөмгөөрөө жиргэдэг болоод удаж байна. Иймээс л төрийн эрхэнд гарч ирсэн нь ард түмний зэвүүцэл жигшлийг төрүүлж сонгуулиар унадаг. Энэ удаа АН-ын ээлж ирсэн хэрэг. Хээл хахууль, хулгай луйвар нь ил гарчихсан мөртөө түүнийгээ бараг бахархал болгодог, сонгууль тулахаар энэ бүхнээ цайруулахын тулд бэлэн мөнгө тарааж гурилддаг ийм бүлэглэл хүний хайлан болно гэж үү дээ?

Өргөн олныг хамарсан улс төрийн хүчний гол үүрэг бол төрд таарч тохирох боловсон хүчнийг нь бэлтгэж, түүнээ төрийн мэнэжмэнтэд оруулж, түүгээрээ дамжуулан улс орныг авч явах бодлогоо хэрэгжүүлэх явдал юм. Гэтэл манай хоёр нам төрийн эрх мэдлийг хууль бус замаар баяжих хөрөнгөжих хэрэгслэлээ болгох сонирхол бүхий мафи маягийн бүлэглэл болон хувирсан нь бүхэнд ил харагдах болсон. Энэ байдал нь нялх ардчилал бүхий монголчуудын дунд улстөрийн намыг үгүйсгэх, намгүй нийгэм байгуулах бодит бус санааг өдөөж, улс оронд хамгийн хортой санаа болох популизмыг алдаршуулж байгаа юм. Үзтэл илэрхий эрүүл бус хүмүүс хэсэг бүлгээрээ төрийн эрх мэдэлд хүрч нийгмийг хордуулж хохироож, үрэн таран хийх хандлага жилээс жилд лавшрах боллоо. Улстөрийн гол хоёр хүчний дотор популистууд зонхилох болсноор ардчилсан тогтолцоонд байтугай ерөөс улс орны хувь заяанд аюул учруулах болсон юм.

Сүүлийн дөрвөн жил АН-ыг төлөөлж төрийн эрхэнд байсан хэд арай ч хэтэрсээн. Өөрсдийнх нь нэрэлсэн “фракц” гэх бүлэглэлүүд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн хуваарилалтад хуйвалдах, өрсөлдөх, булаацалдах, бүлгэрхэх явдал дооз хэмжээгээ хэтрүүлж амьтны дургүйг байнга хүргэж байв. “Эх орон”, ”Ард түмэн” “Улс орны эрх ашиг” гэсэн ариун үгсийг харамгүй цацаж өөрсдийн гэмт үйлдлүүдийг хучих гэж мурчийх нь мэргэжлийн популистуудыгаа ч ичээж байлаа. Яасан ч “зоригтой” юм, хуулийг улаан цагаангүй зөрчин гуйвуулахдаа огт санаа зовохгүй, шулуухан л хусна шүү дээ. Хэрэв “хууль ямар хамаатай юм” бол ерөөсөө хууль тогтоох, шүүн таслах, гүйцэтгэл засаглал ямар хэрэгтэй юм? Хэрвээ АН-ын дээрх “шигшээ баг” дахин сонгогдсон бол Монгол оронд ардчилал, эрх чөлөө, хүний эрх, зах зээлийн тогтолцоог авчирсан ардчилсан хүчин үүрд биш гэхэд хэсэгтээ булшлагдах байсан санагдана. Ийм л учраас АН-ы энэ ялагдал шинэ шинэ бололцоо авч ирж байгаа юм.

Гэхдээ энэ нь бололцоо л болохоос урьдын алдаагаа давтах юм бол ямар хэрэг байхав. Саяхи сонгуулиар Гантөмөр, Батчимэг, Сайханбилэг, Батсуурь, Бакей, Цагаан гээд уул нь төрд хэрэгтэй ардчилсан “зайрангууд” муу нэртнүүдийн золиос болчихлоо. Гэвч Монголын ирээдүй болсон шинэ үеийнхэн түрэн орж ирж байна. Тэдэнд өнөөдөртөө туршлага дутмаг боловч эрүүл саруулаар сэтгэдэг, боловсролтой, соёлтой иргэншсэн тэдэнд итгэл хүлээлгэх цаг иржээ. Коммунист сэтгэлгээнээсээ салж үл чадах хуучинсагууд, тэднийг залгамжлан гарч ирсэн завсрын үеийн “эвдэрсэн хүмүүсийн” үе дуусч л таарна. Аль алин нь цагийн аяс даахгүй. Тэднийг саяхи сонгуулиар нэлээд арчин цэвэрэллээ. Дараагийн сонгуулиар МАН-д ч бас цэвэрших бололцоо гарч ирнэ.

Жич: УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Содномзундуйн Эрдэнийн гомдолт нэхэмжлэлийн дагуу түүний нэр хүндэд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр миний биеийг уучлал гуйхыг шаардсан шүүхийн тогтоолыг Баянгол дүүргийн шүүгч Н.Хангал, шүүхийн туслах Б.Энхбат нарын шийдвэрээр эцэслэн гаргажээ. Ардчилсан, чөлөөт Монгол улсын иргэн би шүүхийг хүндэтгэж, гаргасан шийдвэрийг нь яс биелүүлэх үүрэгтэй. Ийм учраас УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Содномзундуйн Эрдэнийг “ердийн л нэг луйварчин” хэмээн гүтгэж мэдээллийн хэрэгслэлээр тараасан явдалдаа гүнээ уучлал хүсч түүний гутаагдсан нэр төрийг сэргээж байгаагаа ард түмнийхээ өмнө илэрхийлье. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Содномзундуйн Эрдэнэ бол луйварчин биш төдийгүй, ариун шудрага, үнэнч, нэр цэвэр, төр нийгмийн хүндтэй зүтгэлтэн болохыг миний бие нэгэнт тогтоогдсон Монгол улсын шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч буйг минь хүлээн авна уу.

2016.7.1


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив