Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Би хэрхэн ажилладаг вэ?
2016 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 114296]

(Анрийд сайтын асуулгад өгсөн хариулт)


Байршил:
Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: НЭПКО хэвлэлийн газрын ТУЗ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: Самсун Галакси нөүт 3
Хэрэглэдэг компьютер: Эппл
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, чөлөөт, үр дүнтэй хөдөлмөрч.
Сошиал хуудсууд: @baabarniitlelch


ҮНДСЭН АСУУЛТ

1. Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д 4 жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.

2. Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

1975 онд “Москва” гэдэг бичгийн машинтай болсон. 1989 онд Монголд бараг хамгийн анхных байх, хувийн компютэртэй болсон. Монэл компютэр манайд анх угсарч эхлэхэд. Тун шаардлагатай программ апликэйшнийг сураад авдаг, цаашид онц хэрэггүй бол тэгэсхийгээд мартчихдаг. Компютэр дээр нэг л тоглоом бий. Юм хийж байтал гэнэт гацчихвал тэр тоглоомыг ажиллуулж пауз авдаг. Гагцхүү тоглоомондоо улайрах, хожих гэж тэмүүлэх дэмий. Тоглоомоо анзаарахгүй өөр юм бодож суудаг.

3. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Завгүй хүнд цагийг хэмнээд байх шаардлага үгүй болов уу. Тодорхой цаг нартай онгоц, машин, болзоо зэрэгт л гэнэт цагт хавчигдан “хэмнэх” гэж сандардаг тохиолдол надад олон тохиолддог.

4. Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Ёстой юун дээр ч хөтөлдөггүй. Тогтоогоод авчихдаг. Гэхдээ сүүлийн үед нас ахиад юм мартдаг болоод байнаа. Би уг нь ой тогтоолт их сайтай хүн юмсан. Одоо юм мартдаг, хүний нэр ус санаанд орж ирэхгүй болохоор их бухимддаг болоод байна. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ “Чи хичнээн юм мартдаг болсон ч жирийн хүнийхээс илүү л байгаа шүү дээ, юунд нь бухимддаг юм. Ер нь хүн юм мартаж байж л юм тогтооно шүү дээ” гэдэг юм.

5. Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу сургасан. Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог. Гэхдээ “манай сумандаа л Маркс Энгельс” гэгчээр энэ хавьдаа л юм шүү. Cи Ай Эй ч юм уу кримналистикийн том лабраторид дүн шинжээчээр ажиллах чадвар надад байхгүй. Тийм болъё гэж мөрөөдөж ч байгаагүй. Бичих авъяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа”.

6. Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

40 шахам бие даасан ном хэвлүүлжээ. Үүнд орчуулга ч хамаарна. Цэнддоо, Баярхүү нартай хамтарч бичсэн 2-3 ном ч орно. Эхнэртэйгээ хамтарч орчуулсан 2-3 ном ч багтана. Гэхдээ дахин хэвлэлтийг тооцоогүй. Миний мэргэжил биохимич, бүр тодруулан нарийвчилбал энзимологич. Би химийн лабраторид цөөнгүй жил ажилласан. Алив юмыг нягтлан хэмжих, дахин шалгах, өөр эх сурвалж хайх дадлыг энэ мэргэжил надад олгосон. Иймээс би бичиж байгаа юмандаа логик уялдаа, үнэн зөвийг эрхмэлдэг. Янз бүрийн сэдвээр бичдэг боловч яг мэргэжлийн хүн нь үзээд шоолох вий гэдгээс их айдаг.  Яагаад гэвэл үнэн зөв тэнд хэмжигдэнэ үү гэхээс нийгмийн сүлжээ, сайтын сэтгэгдэл бол хүн тоохоор юм биш. Бичих юмаа эхэлж толгойдоо эмхлэх нь тун цаг авдаг бэрхшээлтэй зүйл. Нэгэнт эмхлэгдсэн бол компютэр дээр буулгах нь зөвхөн бичих хурдаас хамаарна. Маш олон санаа толгойд эргэлдэж байдаг ч хагас нь огт эмхлэгдэхгүй ор мөргүй алга болдог. Би бичсэнээ эргэж харж засдаггүй. Зүгээр л залхуу хүрээд байдаг юм.

7. Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

1996 онд бичсэн “Нүүдэл суудал: Монголын түүх” номыг сая үндсээр нь өөрчлөн нэмж бичиж дуусгалаа. Тухайн үед 450 орчим эшлэлтэй байсан бол шинэ хэвлэл нь 1700 орчим эшлэлтэй гэхээр аль зэрэг нэмэгдсэн нь харагдах байх. Мөн Цэдэнбалын намтрыг бичиж дуусгасан. Энэ бол өнгөрсөн өвөл хаваржингаа нойр хоолгүй шахам хийж дуусгасан бүтээл. Дуусангуутаа л асар их ядарснаа мэдэрсэн дээ. Төлөвлөх дургүй болохоор бодсон юм одоохондоо алга. Гэхдээ тун удалгүй санаа орж ирэх байлгүй дээ.

8. Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Би нам гүм орчинд ажилладаг. Шөнө л гэсэн үг л дээ. Тиймээс ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Чайковский, Бэтховэнд дуртай. Бах надад хүндэддэг. Битлзийг шүтдэг. Хип хоп ойлгодоггүй. Ер нь алдартай дуучин юмуу хөгжмийн зохиолчид ганц хоёр л гайхамшигтай бүтээлтэй байдаг, тэр болгонд нь дуртай даа. Стивэн Вондэрийн “Ай жаст коол ю тү сэй ай лав ю”, Бий Жийсийн “Мэссэчүсэтс”, Пинк Флойдын “Воол” рок оопэр, Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Нино Рота, Энно Мориконэ нарын зарим киноны аяз, Сэйжи Озавагийн удирдаж буй симфони гэх мэт.

9. Таны яг одоо уншиж буй ном/нийтлэл юу вэ?

Би амьдралдаа уншсан юмныхаа ихэнхийг жорлон дотор, орон дээрээ гүйцээсэн байхаа. Багад нойлд ороод түгжээд суучихаар аав ээж байн байн хаалга нүдэж “Цагаан мах чинь гарлаа, бушуу гараач” гэдэгсэн. Ойролцоогоор 10 орчим ном зэрэг уншдаг. Аль болох нэг амьсгаагаар уншиж дуусгамаар санагддаг ч зарим номын ард хэдэн сарын дараа гардаг. Саяхан аль дээр үед худалдаж аваад таг мартчихсан Аюурзанын эмхтгэсэн “Дэлхийн сонгомол өгүүлэл”-ийг шкафнаасаа олж аваад шөнөд нь уншиж дуусгасан. Тэгээд тэр талаар шүүмж хүртэл бичсэн шүү. Уран зохиолын ном бараг уншихаа больж дээ. Гэхдээ олон жил дахин дахин уншдаг уран зохиолын хэдэн ном бий. Марк Твэйн “Хак Финн”, Ярослав Хашэк “Швэйкийн паян”, Антон Чеховын өгүүлэл, жүжиг гэх мэт. Яг одоо Дэн Сяопиний намтар уншаад дуусгалаа. Р.Болдын бичсэн Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн тухай ном оросоор гарч, тэрийг уншиж байна. Яков Блюмкины намтар аваад уншиж байна. Дөшнөр гэж нэг герман хүн фашистууд болон Ватикан хэрхэн холбоотой байсан тухай ном дээр үед бичсэн юм байна, тэрийг сонирхож байна. Эргээд хэрэг болсон учир Чуевийн Молотовтой хийсэн ярилцлагаар бүтээсэн номыг эргүүлж байна. Цэдэнбалын бие хамгаалагч асан Батдолгор гэж хүний бичсэн дурсамж өнөөдөр олж авлаа. Шуудангаар захисан Каку физикчийн бичсэн Ирээдүйн физикийн ном, Олсоны бичсэн Хүний үүсэл, ген, үүлдрийн тухай номыг хүлээж аваад хэд дэх өдрөө ч юм, сонирхон уншиж байна. Мичио Какуг би урьд нь мэддэггүй байж, шинжлэх ухааны хялбаршуулсан кино гарахаар л нэг урт үстэй ази нөхөр зурагтаар баахан ярьдаг шүү дээ. Уг нь утаслагийн онол дэвшүүлсэн мундаг онолын физикч л дээ. Гэхдээ ирээдүйн тухай, шинэ нээлтийн тухай бичихээрээ мөн ч уран сайхантай панаалдах юмаа. Фройдоос илүү панаалсаг. Итгэхгүй мөртөө л ам ангайн алмайрч, бүр автагдах юм гээч. 

10. Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Би хаа очиж маш нээлттэй хүн шүү. Энэ нь заримдаа хэтэрчих гээд байдаг юм. Гэхдээ нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт мөн шүү.

11. Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би голдуу шөнийн гурав дөрөвт унтаж өглөө есөн цагийн орчимд босдог. Зургаан цаг унтаад сурчихсан юм. Гэхдээ заримдаа нойроо хурааж чаддаг. Өдөрт гурав дөрвөн цаг унтаж сар ажилласны дараа дутуугаа нөхөж бүтэн хоёр хоног унтах тохиолдол бий. Өнгөрсөн өвөл яг тэгсэн.

12. Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Би компани дээрээ, эсвэл гэртээ. Амарч байх үедээ голдуу зурагтаар кино үздэг. Кино миний нэг том хообий. Кино урдагийн талаар би хэдэн өдөр тасралтгүй донгосч чадна. Тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар тэнэдэггүй. Хүмүүжилтэйдээ ч тэр биш, надад огт таашаал өгдөггүй учраас.

13. Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Шинэ санаа л ёстой гоё. Тэр нь хүний түүхэн дахь шинэ санаа биш л дээ, зүгээр наддаа л шинэ байвал бөөн кайф. Манай чөлөөт нийгэм дахь чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас ба урам зориг авдаг. Миний мэдэхээр урьд нь монгол хүн ийм цоглог байгаагүй юмаа. Ерөнхийдөө л бүгдээрээ унжгар, аймхай, хувиа бодсон, “цэвэр ичимхий”. Хөөрхийдөө нийгэм нь тийм байхыг албаддаг байж дээ.

14. Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Намайг хойно сурч байхад нэг хичээлийн шалгалт дээр уначихсан чинь профессор маань “Чи заавал биохимич болох гэх хэрэг байгаа юм уу? Энэ дэлхий дээр 17 мянган мэргэжил байна шүү дээ” гэж билээ. Би хожим нь “сумандаа” муугүй биохимич болсон л доо. Гэхдээ хүн өөрийгөө, авъяасаа зөв сонгон олох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

15. Та залуу мэргэжилтнүүдэд нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Дээрх профессорынхоо хэлснийг л би залууст сургадаг. Энэ хорвоод юунд ч авъяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авъяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

16. Энэ буланд та хэнийг санал болгож, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

Би твитрээр заримдаа ордог юм. Өдөр шөнө, өглөө оройгүй твитэр дээр завгүй сууж байдаг хэдэн хүн байх юм. Тэдний хэрхэн ажилладаг, амьдралаа яаж залгуулдаг нь их сонин байна. Шүүмжилж, үгүйсгэж, шоолж байгаа юм биш шүү, зүгээр л саваагүйтэн сонирхож буй хэрэг.

 
2016.10.26

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив