Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидний хайртай америкчууд
2016 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 121744]

Ерэн оноос өмнө Монголд тийм ч олон америкчууд ирж байгаагүй. Янгир, угалз агнах гэсэн цөөн тооны баян америкчууд жуулчин нэрээр ирж эх орны хатуу валютийн санд нэмэр болж байсаан. Америктай дипломат харилцаа тогтоохоос эрс татгалзсан дэлхийн тун цөөн орны нэг байсан болохоор албан айлчлал байсангүй. Дөчин дөрвөн онд дэд ерөнхийлөгч Вэльс томилолтоор ирээд явсан нь Монгол улс Ялтын гэрээгээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гол сэжим болсон юм. Хамт дагалдан ирсэн Овэн Латиморыг дахиж ирнэ гэхэд нь намтөр татгалзсан.
   
Харин сэтгэлд гал асаагаад халуун дурсамж үлдээсэн нь Америкийн нэрт дуучин, энх тайвны төлөө цогтой тэмцэгч Дин Рид байлаа. Тэрээр Монголд айлчлаад буцахдаа “Монголд хамгийн их хүндлэгддэг, бөөцийлөгддөг, хайрлагддаг иргэн нь хүүхэд юм байна” гэсэн алдарт үгээ үлдээсэн. МАХН-ын XIV их хуралд ирсэн Вьетнамын төлөөлөгч “Улаанбаатар бол Азийн цагаан дагина” гэдэг афоризм үлдээсэнтэй адил мань дуучин өөрийг нь урьсан Хүүхдийн төлөө фондын даргад талархаж энэ өгүүлбэрийг хэлсэн бололтой юм билээ. Түүнийг буцсаны дараа энэ алдарт өгүүлбэр Ленин, Брежнев, Сүхбаатар, Цэдэнбал нарын эшлэлтэй эн зэрэгцэн энд тэндгүй нүд аргатал бичигдэх болсон.
   
Дин Рид 12 настайгаасаа гитар тоглож эхэлсэн сүрхий авъяастай банди байж. 1958 онд Лос Анжэлост ирж шалгуулаад пянзаа хүртэл гаргасан байх юм. 1961 онд дуулсан нэг дуу нь яагаад ч юм Аргентинд их алдаршсан учир тийшээ нүүжээ. Учир нь Холивүүдэд юугаараа ч хамаагүй тодрох гэсэн чинь цаадуул нь тоодоггүй. Тэгэхээр нь улс төрийн “эсэргүү” болсон хэрэг. Элвис Прислэйг их дуурайж дуулдаг болохоор нь мань хүнийг “Улаан Элвис” гэж хочлоно. Хэт туйлширсан ультра зүүний үзэлтэй түүнийг Аргентин нутгаасаа хөөж гаргав. Үзэл бодлоо тунхаглан, хэрхэн капитализмд хавчигдаж байгаагаа ярьсаар 1971 онд Зүүн Германд давхиад очтол мань гологдсон дуучинг коммунист ертөнц цээжиндээ халуунаар тас тэврэн угтаж авлаа. Зүүн Германы үзэл суртлын кинонд олон дүр бүтээн Холивүүдэд биелээгүй мөрөөдлөө гүйцээв. 1965 онд СССР-т уригдлаа. Зөвлөлт орон түүнийг хэзээний таних болжээ. Энэ залууг Байгал-Амарын төмөр замын бүтээн байгуулалтын рекламд мөн ч их ашигласан даа.
   
Мань хашраас комсомол залуучууд уйдаад эхлэнгүүт тэрээр Америк руугаа буцан ямар ч хамаагүй гудамжны нэг жагсаалд оролцон цонх хагалж цагдаад баригдан хэд хоног хоригдчихоод Зөвлөлтөд буцаад ирнэ. Энэ хооронд дэлхийн хуурай газрын зургааны нэгд “Дин Ридийг сулла” гэсэн бичиг ярайтал нь өрчихсөн байх аж. Аль нэг оронд очоод АНУ-ын элчин сайдын яамны өмнө өөрийн орны үндэсний далбааг урж шатааж дөвчигнөөд буцаад ирэхэд нь түүний “энх тайвны төлөө тэмцэгч” гуншин нь улам тодроно.
  
Зүүн Германы жүжигчин бүсгүйтэй гэрэлсэн түүний цогцсыг 1986 онд Берлиний орчим дахь нэгэн нуураас олжээ. Албан ёсоор живж үхсэн гэх боловч олон хүний нотолж буйгаар бүр мөсөн Америк руугаа буцахаар шийдсэн түүнийг зориуд хороосон гэдэг. Тавин нас дөхөөд намба суугаад ирэхээр энэхүү бусдын тоглоом болсон тэнүүлч амьдралаасаа уйдаа биз дээ, хөөрхий!

х    х    х

Миний үеийхний хүүхэд болон залуу нас “Анжэла Дэвисийг сулла!” гэсэн уриан дор өнгөрсөн. Сурагч, оюутан, ажилчин, багш, эрдэмтэн байлаа, байнга л тэр нэгэн үл таних нигер авгайг суллуулахаар гадаа, гудамжинд, талбайд, зааланд, танхимд хамт олныхоо хамт хоороороо орилолдох хайрлах-үзэнядах цуглаанд оролцох нь амьд яваагийн минь төлөөс-үүрэг байсан юм.
   
Анжэла Дэвис хар залуугаараа ердөө л 10 мянган гишүүнтэй АНУ-ын коммунист намд элсчээ. Үндэсний цөөнх байснаа үзэл санааны цөөнх болов. Хүүхэн Сан Квэнтиний шоронд нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа алдартай алан хядагч Жоорж Жэксон хэмээх хоригдолтой танилцан улмаар дурлалцжээ. 1970 онд Жооржийн дүү Жонат ахыгаа чөлөөлөхийн тулд шүүхийн танхимд цагдаа болон шүүгчийг барьцаалсан байна. Буудалцаан болж цус урслаа, хэдэн хүн алагдсаны нэг нь мань дүү өөрөө. Мэдээж бөөн шуугиан болж мөрдлөг болсон, харин алуурчны хэрэглэсэн буу нь дурлалт хүүхэн Дэвисийн нэр дээр бүртгэлтэй аж. Харин Дэвис тэр дороо нуугдан алга болсон. Америкаар дүүрэн Анжэла Дэвисийн зурагтай WANTED гэсэн зарлал тарах нь тэр.

Хоёр сарын дараа тэрээр баривчлагдсан. Мэдээж шоронд хоригдсон. Ингэж дэлхийн нөгөө хагас даяар “Анжела Дэвисийг чөлөөл!” уриа хавтгайрсан хэрэг. Түүнийг 18 сар хорьсоны дараа шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь тангаргын шүүгчид бүгд цагаан арьстнууд байсан, гэтэл түүнийг өмөөрсөн хөдөлгөөн Америкийн хар арьстны дунд хүчээ авсан төдийгүй Монголыг оролцуулаад коммунист ертөнц дэлхий даяар Америкийн империализмыг илчлэх хөдөлгөөн өрнүүлжээ. Анжэла нь коммунизмын суртал ухуулгын хэрэгслэл болох хэд хэдэн том шалтгаантай байлаа. Нэгд, тэр хар арьстан, хоёрт, тэрээр коммунист, гуравт эмэгтэй, дөрөвт, ажилчин ангиас гаралтай, тавд, философич мэргэжилтэй, зургаад их царайлаг хүүхэн гэх мэт.

Доржготов гуай нэгэн тохиолдлыг надад ярьсан юм: Хөдөө хадланд гарсан хэсэг нөхөд майхныхаа гадаа вандан засаад далуу нүдэж суужээ. Гэнэт хөтлийн цаанаас юу юугүй албаны хэд хэдэн 69 гараад ирэх нь тэр. Мань хэд вандангаа хөмрөөд тарсан даалуун дээрээ сууцгаажээ. Урилгагүй гэнэтийн зочдын дотор нэгдлийн дарга, аймгийн даргаас гадна хотоос ирсэн Төв хорооны том дарга байх аж.

-За нөхөд, хадлангийн ид цагаар ажлаа хийхгүй яагаад тарайгаад хэвчихээв?
-Бид өнөөдрийн нормоо биелүүлчихээд түр амрах хоорондоо Анжэла Дэвисийн тухай маргалдаж сууна. Цаад муухай импэрлийстүүд чинь хөөрхий Анжэла Дэвисийг суллах шинж байна уу?
Буцах замдаа хотоос ирсэн Төв хорооны дарга аймаг сумын мяндагтнуудыг зэмлэн:
-Ард түмний улс төрийн ухамсар ийм өндөр байна. Гэтэл та нар улс төр хүмүүжлийн ажил зохиохдоо ард түмнээсээ хоцорч явна!

Анжэла Дэвис суллагдангуутаа Москвад ирлээ. Брежнев дарга өөрийн биеэр хүлээж аван Лениний шагнал гардуулав. Ломоносовын Их сургууль хүндэт доктор болгов. Үүнээс гадна Зүүн Германы Магдэбург хот түүнийг хүндэт иргэнээ болгосон бол Куба улс төрийн хамгийн дээд шагнал Плай Хироны үндэсний одонгоор энгэрийг нь мялаав. Мань хүүхэн АНУ-ын 1980 ба 1984 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Гэсс Холлын хамт Ерөнхийлөгчийн төлөө “үзэлцэв”. Харин дэлхийг шуугиулсан их үсрэлтийнх нь сэдэл болох ариун дурлал нь эмгэнэлтэй төгссөн. Террорист Жэксон шорон дотроо хуягаа барьцаалж оргох гэж байгаад буудуулж үхсэн. Гэтэл халуун дурлалт залуугийнх нь тухай сурвалжлагчийн асуултад Анжэла Дэвис: Тэр надад хамаагүй. Яагаад гэвэл би угаасаа лэсби хүүхэн шүү дээ!

х    х    х

1990 оны хаврын хавсрагатай үе. Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөн улам хүчээ авч нийгмийн тогтолцоог өөрчлөх шаардлагыг намтөрд өргөж, үүнийг нь ард нийтээр дэмжиж байв. Гэвч хөлдүү намтөр нь хөдөлж өгдөггүй. Шаардлагаа хурцатгахын тулд Ардчилсан холбооныхон цуглаж зөвлөлджээ. Пикет хийх, ордныг тойрч гороолох, дахин цуглаан зохион байгуулах, замын хөдөлгөөн хаах гэх мэт янз бүрийн санал гарч байв. Гэнэт нэг төлөөлөгч: “Америкт Цагаан ордны өмнө Хайдэр гэдэг эрдэмтэн жил шахам өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Манай зурагтаар өдөр болгон Хайдэрийн тэмцлийг харуулж байсан болохоор цөмөөрөө сайн мэдэж байгаа шүү дээ” гэжээ. Ингэж маргааш нь Холбооны хориод гишүүд Төв талбайд эсэргүүцлийн өлсгөлөн заралсан түүхтэй. Энэ нь Хайдэрийг дуурайсан гэхээсээ өлсгөлөн зарлах нь тэмцлийн нэг хэлбэр юм гэдгийг монголчууд мэдээллийн өргөн хэмжээний суртал ухуулгаас мэдэж авсны үр дүн билээ. Хайдэр ч жил тойрон үргэлжилсэн суртал ухуулгын буянаар монголчуудын хамгийн сайн мэддэг, хамгийн их биширдэг, хамгийн хайртай америк хүн болчихсон байлаа, тэр үед.

1986 онд одон орны ухааны доктор Чарли Хайдэр хэмээх маш бүдүүн тарган эр Цагаан ордны өмнө өлсгөлөн зарлажээ. Тэрээр хажуудаа шаардлагаа плакат болгон бичээд гозойлгож. АНУ-ын төр цөмийн зэвсгээс эгнэгт татгалзахыг тэрээр Ерөнхийлөгч Рэйганаас шаардаж өлсгөлөн зарлаж байгаа юм байна. Тухайн үед АНУ 8 мянган цөмийн толгойтой, харин дайсагнагч ЗХУ 15 мянган цөмийн толгойтой байжээ. Мань хүн өдрийг Цагаан ордны өмнөх ногоон зүлгэн дээр хэвтэж өнгөрөөх ба шөнө нь гэртээ очиж хононо. Иймэрхүү “шаардлага”, “өлсгөлөн”, “суулт” ордны өмнө үргэлж л болж байдаг учир үүнийг Америкийн төр ч, олон түмэн ч огт анзаарсангүй.

Гэтэл Вашингтонд суух Зөвлөлтийн телевизийн байнгын сурвалжлагч Владимир Дунаев гэгчид тун мэргэн санаа төржээ. Зэвсгээр хөөцөлдөж дэлхийг сөнөөх гээд байгаа Америкийн империализмыг Америкийн ард түмэн нь хүчтэй эсэргүүцэж байгаагийн нэг тод төлөөлөгчөөр эрдэмтэн Хайдэрийг сонгон шалгаруулав, тэрээр. Цагаан ордны өмнө зөвлөлтийн зурагтчин гуай нүүдлийн студи байрлуулав. Өдөржин зүлгэн дээр хэвтдэг бүдүүн эрийг сандал дээр суулган ярилцлага авна. Сэтгүүлч маань сангийн мөнгөөр Хайдэрт зориулж 5 ээлжийн ноорхой хувцас захаас худалдаж аваад ээлжлэн өмсүүлж зургийг нь авна. Учир нь Хайдэр олон хоног өлсгөлөн зарлаж байгааг харуулахын тулд хувцсыг солиулж ярилцлага аваад түүнээ өдөр дараалан Москва руу илгээнэ. Дунаев ажлаа хөнгөлж нэг мөсөн зураг авч буй нь тэр.

Ийнхүү нэгэн сэтгэцийн өвчтэй болов уу гэмээр ноорхой эр ЗХУ, Монгол, Хойд Солонгос, Энэтхэг гэсэн дөрвөн улсад маш ихээр алдаршижээ. Бусад коммунист оронд тоож сурталчилаагүй юм билээ. Горький хотод цөлөгдсөн Нобелийн шагналт Андрей Сахаров мөн энэ үед өлсгөлөн зарлангуут КГБ эмч нар ам руу нь хаймран гуурс гударч хүчээр “хооллож” байлаа. Харин ам руугаа гуурс хийлгээгүй хөөрхий өлсгөлөн Хайдэр Монголын зурагтаар гурван сар орой болгон үзэгдэх мөртөө үхэх нь битгий хэл турдаг ч үгүй ээ. Япончууд дайны үед манжуурт биологийн туршилт хүн дээр явуулж байхдаа хүн хуурай өлсгөлөнгөөр хэд хонож чаддагийг туршжээ. Идэр залуу, эрүүл 20 хүнээс хуурай өлсгөлөн буюу идэх ч үгүй уух ч үгүй тохиолдолд хамгийн “чанга” нь 6 хоногийн дараа үхсэн байна. Хайдар нойтон өлсгөлөн буюу ус ууж байгаагаа хэлж байв. Гэвч нойтон өлсгөлөн заралсан Ирландын хоригдлуудын дээд талынх нь энэ үед 70 хоноод үхэж байлаа. Гэтэл Хайдэр 7 сар өлсөөд дав дажгүй.

Хайдэрийг өмөөрөх, өрөвдөх хөдөлгөөн дээрх дөрвөн оронд хүчтэй өрнөсөн. Хайрлах цуглаан зарлаж байсныг санахгүй байна. Гэхдээ нам засгийн уриалгаар сургуулийн хүүхдүүд тийш захидал, бэлэг илгээж, хүмүүс зурагтаар түүнийг гэртээ урин, өлсөж байхаар манайд ирж амьдар гэж уриалж байлаа. СССР-ийн шинэ удирдагч Горбачёв доктор Хайдэрийг нутагтаа урьсан боловч цаадах нь очсонгүй. Харин ч ЗХУ-д гол ус бохирдуулж байгааг нэгэн ярилцлагадаа дурьдсанаас болоод түүнийг сурталчлангаа Америкийн империализмыг илчлэх телевикийн олон ангит шоу өндөрлөсөн гэдэг. Гэхдээ мань Горбачёв Горький хотод цөлөгдөөд өлсгөлөн зарлаж байсан Сахаровыг өршөөж гэртээ ирэхийг нь зөвшөөрсөн юм шүү.

Сүүлд сонсохнээ, Хайдэрийг жингээ хасахгүй бол удахгүй үхнэ гэж эмч анхааруулжээ. 145 кг жинтэй тэрээр 7 сар “өлссөний” буянд 40 кг хаясан гэдэг. Хайдэр өлсгөлөн заралж байхдаа өдөр болгон хэдэн алхамын цаадах Макдональдс-т ордог байснаа “бие зассан” гэж тайлбарлаж байв. Өлсөж байгаа хүнээс доошоо юм гармааргүй юм?

Хайдэр өлсгөлөнгөө зогсоонгуутаа АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж сонгуульд үзэлцжээ. Хамгийн сонирхолтой нь 1988 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзээд ядахнаа ганц ч санал авч чадаагүйгээрээ түүхэнд хачин сонины буланд нэрээ мөнхөлжээ.

Бидний зүрх сэтгэлээсээ хайрлаж асан “манай талын” америкчууд цаанаа ямархуу будилааны эзэд байсныг бидэнд хэн ч хэлж өгөөгүй. Тухайн үедээ Зөвлөлт, Хойд Солонгосын ард түмэн ч бас ялгаагүй Анжэла Дэвис гэмт хэрэгтэн, Дин Рид Холивүдэд гологдсон гомдогч, Чарли Хайдэр сэтгэцийн өвчтэй нэгэн гэдгийг огт мэдээгүй өнгөрсөн билээ.

2016.11.4


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив