Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сүхбаатар ба Зориг
2016 оны 12 сарын 16 [Уншсан тоо: 168259]

Сүхбаатар гэж жанжин байлаа. Эх оронч, цэргийн гавъяатан. Хэдийгээр тэрээр 1921 оны хувьсгалын удирдагч байгаагүй ч голлох удирдлагын нэгд багтаж байсан. Тэрээр эл хувьсгалын голлох хоёр толгойлогчийн нэг болох Данзангийн хамгийн ойрын хүн, түшиг тулгуур нь байсан юм. Хиагтын болон өөр хэд хэдэн тулалдааныг удирдан цагаантнаас Монгол орныг чөлөөлөх үйлсэд их гавъяа байгуулсан. Ардын засгийн анхны Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан нь түүний 1921-1922 онд төрийн хамгийн томчуулын нэг, шийдвэр гаргагчдын эгнээнд байсныг баталдаг.
   
Тэр үед төрийн тэргүүний үүргийг Богд хаан гүйцэтгэж байсан. Ардын засгийн удирдагчдаас хаантай хамгийн ойр дотно байсан хүн нь Сүхбаатар. Хаан Засгийн газарт хэлүүлэх юмаа Сүхбаатараар дамжуулдаг байсан бололтой байдаг. Цагаантныг устгана гэж 1921 онд Монголд нэвтэрч орсон большевик улаан цэргүүд цэргийн ажиллагаагаа дуусчихсан мөртлөө эргэж нутаг буцахын оронд энд тэндгүй дээрэм тонуул хийх болжээ. “Өглөө” кинонд юм яаж мэдэхэв хэмээн Ардын цэрэгт есөн шараа өгчихөөд түүнээ эргүүлж нэхээд салдаггүй хачиг Луузангийн дүр гардаг. Энэ бол санаанаасаа зохиосон зүйл биш, үнэхээр тийм баримт бий. Гэхдэ жинхэнэдээ юу болсон гэхээр улаан орос цэргүүд айлын хориод үхэр дээрэмдэн булааж авчээ. Эзэн нь очих газаргүй учир хөөцөлдсөөр Цэргийн яамтай заргалдсан байна. Цэргийн яам эл хэргийг оросуудад тавьтал цаадуул нь юу гэж тоохов, бараг салаавч үзүүлээд хөөгөөд гаргаа биз дээ. Малаа дээрэмдүүлсэн хүн Цэргийн яамнаас нэхэмжлээд салахгүй болохоор нь яам гомдлыг барагдуулж нөхөн төлбөр өгчээ. Түүхийн баримтаар үнэн нь энэ. Орос цэргүүд зохион байгуулалттайгаар олон газар дээрэм тонуул, хүчин хийсэн цөөнгүй баримт үлдсэн.
   
Цагаатныг цохихын тулд улаан цэрэг Монголд орж ирнэ, үүргээ гүйцэтгээд даруй эргэж гарна гэсэн тохиролцоог Троицкосавскт оросуудтай голчлон хийсэн хүний нэг нь Сүхбаатар өөрөө. Ийм учраас хариуцлагаа ч мэдэрсэн байх. Нөгөө талаас оросуудын дээрэмд дургүйцсэн Богд хаан Сүхбаатараар дамжуулан дургүйцлээ илэрхийлж тэднийг Монголын нутгаас үтэр түргэн гарахыг шаарджээ. Сүхбаатар ч үүнийг улаан цэргийн удирдлагад нь хэлж цэргээ гаргахыг тулгажээ. Үүнд оросууд машид эмзэглэж Москвагаас хүртэл энэ шаардлагыг туйлын өөдгүй санал болохыг хэлэн болиулах арга хэмжээ авахыг Монгол дахь улаан цэргийн удирдлагад анхааруулсан цахилгаан мэдээ архивт үлдэн хоцорсон. Эргээд логикоор холбоход энэ үеэс Сүхбаатарыг хорлох төлөвлөгөө гарсан байдаг. 1923 оны эхээр Хүрээнд суух хоёр орос худалдаачныг жанжин Сүхбаатарыг хорлон алахаар завдсан гэж баривчлаад тэр дор нь буудан хороожээ. Тэгэхэд Сүхбаатар зүв зүгээр амьд байсан. Хэд хоногийн дараа түүнийг Цэргийн яамны сайдаас нь огцруулж оронд нь Хатанбаатар Магсаржавыг томилсон. Ингээд нэг ажилгүй гар буй болжээ.
   
Тун удалгүй жанжин гэнэт нас барлаа. Хожим намтар судлалд бичихдээ Сүхбаатар нь шөнийн цагаар цэргийн ангиар шалгалт хийж яваад ханиад хүрсэн нь үгдэрч нас барсан болж таарсан. Оршуулга гэж нэлээд сүртэй, орос маягийн ёслол болов. Тухайн үед Монгол улсад хамгийн том эрх мэдэлтэй байсан Цэргийн зөвлөлийн дарга Элбэг Доржиевич Ринчино оршуулгыг удирдав. Тэр үеийн Зөвлөлт маягийн удирдлагын эрэмбээр Цэргийн зөвлөлийн дарга хамгийн дээр нь, төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн түүний дор тооцогддог байсан. Одоо ч энэ эрэмбэ Хятад, Хойд Солонгос, Вьетнамд мөрдөгдөж байгаа. Батлан хамгаалах зөвлөлийн дарга нэртэй болсон. Ингээд Ринчино Сүхбаатарыг хоёр жилийн өмнө нас барсан эцгийнх нь шарилын дэргэд оршуулна гэсэн шийдвэр гаргасан. Мөн Сүхбаатарын зургийг албан газруудад өлгөн байрлуулж байх тушаал буулгажээ. Үнэндээ огцорсон сайдыг гэнэт хүндэтгээд эхэлж буй хэрэг. Дурсгалыг нь мөнхжүүлэхээр боллоо. Үүнээс хойш олон жил үргэлжилсэн хэлмэгдүүлэлт, хядлага, буруутгалд Сүхбаатарын нэр энэ гэмт явлын зөвтгөл болон хавчуулагдах боллоо. Сүхбаатарын байгуулсан аугаа их хувьсгалыг сөнөөх гэж оролдсон учраас буудан хороосугай гэх маягийн тогтоол шийдвэр ялын төлөвлөгөө гардаг гэсэн үг.
  
Гуч ч хүрэлгүй нас барсан тэр эх оронч хөвүүнийг хорвоогоос хальснаас нь хойш олон жилийн турш үзэл суртлын мангаа болгон хувиргасан юм. Хийгээгүйг нь үйлдсэн, хэлээгүйг нь ярьсан, бодоогүйг нь гэрээс болгон нэг талаас бурханыг оролсон шүтээн, нөгөө талаас үзэл суртлын хэрэгслэл болгон тодорхой бүлэглэл болон хувь хүний гарын тоглоом болж дуусав. Нэр усыг нь яг үнэндээ бол шавартай хутгаад зогсоогүй шарилыг нь зүгээр байлгахгүй таван удаа оршуулсан гээд боддоо. Үхсэн хүний нэрийг харлуулахыг монголчууд “ясыг нь өндөлзүүлэх” гэж цээрлэн нэрлэдэг. Гэтэл Сүхбаатарын ясыг олон удаа бүр бодит биетээр өндөлзүүлсэн юм. 1922 онд дөнгөж оршуулсных нь дараа Оросоос шинжилгээний гэх хүмүүс ирж булшийг ухан дотор гэдсийг нь шинжлэнэ гээд салгаж аваад Чита явсан. Ямар ч хариу ирээгүй тэр чигтээ таг болсон. Ленфильм кино үйлдвэр бүтээж Ташкентад дуусгасан “Его зовут Сухэ-Батор” кино түүнийг Ардын хувьсгалыг санаачлан удирдагч ганц гол хүн болгон заралснаар шарилыг нь ухаж авчран Цэргийн яамны өмнө оршуулан ясыг нь дөхин өндөлзүүлэв. 1952 онд Чойбалсанг нас барахад хотын төв талбайд Сүхбаатарын хөөрхий  шарилыг ахиад л зөөн тусгай бунханд байрлуулаад нийтийн үзмэр болгов. Энэ зууны эхээр төв талбайг өөрчлөн засахад бунхныг буулган шарилыг анх оршуулсан газар нь эргүүлж зөөжээ.
   
Зөвлөлтийн зохиолч Б.Лапин, З.Хацревин нарын зохиолыг нь бичсэн “Его зовут Сухэ-Батор” кинонд Монгол улсын Ерөнхий сайд Бадамдорж нь Богд хааны даалгавараар Сүхбаатарт хор өгч алж байгаагаар гардаг. Тэгвэл СССР-ийн Шинжлэх ухааны академи, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн хамтран зохиож 1955 онд хэвлүүлсэн “Бүгд найрамдах Монгол ард улсын түүх” номын 331-р нүүрэнд “Ардын дайснууд Монголын ард түмний жолоодогч Сүхбаатар өөд бузар гараа сарвайв. Тэд Сүхбаатарын өвчтэй байсныг далимдуулан эмч явуулж, эмийн оронд хор өгчээ... Сүхбаатар нас барахынхаа өмнө гэрээсэлсэн нь: Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулж буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийцүүлж ард түмний эрх чөлөөг мандуулж, алив гадаад дотоодын эзэрхэг гар савраас ангижруулан, ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлээрэй гэжээ.”  “Дотоодын эзэрхэг гар савраас ангижруулах”-ын тулд Монголын насанд хүрсэн таван эрчүүд тутмын нэгийг алж хөнөөжээ. Нийт алагдсан бараг 30 мянган хүний нэг мянга гаруй нь нам төрийн ажилтан байсныг хожим 1957 онд цагаатгасан ба үлдсэн ихэнхийг нь “лам ноёд язгууртан зэрэг ангийн дайсныг ангийнх нь хувьд устган сөнөөсөн намын бодлого зөв байсан учир цагаатгах бололцоогүй” хэмээн Цэдэнбал өөрөө хэлсэн юм. Сүхбаатарыг нас барахад аль хэдийнээ үхчихсэн байсан Ерөнхий сайд Бадамдорж түүхэнд ихээхэн эерэгээр үнэлэгддэг байснаа, дээрх түүхийн ном хэвлэгдсэний дараа гэнэт урвагч, хятадын тагнуул, Монголын ард түмний дайсан болон тодорсон билээ. Автономыг устгах, Бээжингээс цэргийн хүч дуудахыг үхэн хатан эсэргүүцэж Монгол улсын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй зүтгэсэн Богд хаан, Ерөнхий сайд Бадамдорж нар талийгч Сүхбаатараас болж ингэж дайсан болсон билээ.
   
Яг үнэндээ Сүхбаатарын хэлсэн гэх ганц ч афоризм, сургаал, мэргэн сэцэн үг олддоггүй. Ерэн оноос өмнө юмдаг, цэргийн жолооны сургуулийн 107 дугаар ангийн танхимд “Манай орон улам улам олон автомашинтай болж авто тээвэр цаашид хөгжих болно. Д.Сүхбаатар” гэсэн бичгийг асар томоор бичин жаазлаад хананд өлгөсөн байхтай нь таарч л явлаа. Одоо Улаанбаатарын төв талбай байгаа газар урьд нь “Өндөр хог” гэх нэртэй хогийн цэг байжээ. 1942 онд Сүхбаатар гэнэт алдаршихад нэгэн партизан “Энд анх Сүхбаатарын морь шээсэн” гэж өндөр хогийг зааж. Морь шээсэн газрыг бэлгэддэг заншлаар тэнд Улаанбаатарын анхны төв талбайг байгуулан дээр нь хөшөөг нь босгосон. Талбайг Сүхбаатарын нэрэмжит болгосон байсныг нэг улс төрийн хүчин Чингисийн талбай гэхээр боллоо. Нөгөө улс төрийн хүчин нь шүүхээр заргалдсаар яваад эргээд Сүхбаатарын болгов. Уг нь шүүхдэлцээд байх хэрэг биш, тухайн үеийн хотын захиргааны л мэдлийн асуудал. Шүүх ч бас юу юм билээ, Сүхбаатарын нэрийг булаацалдаж яваа улс төрийн хүчнүүдийн хэрүүлд таслан шийтгэгчээр оролцож явдаг нь ч!

Сүхбаатарын нэр олон хядлага улс төрийн хэрэг, завхруулга, гүтгэлэг, яллага, гуйвуулга, нугалааны зөвтгөл болон ашиглагдаж байснаас гадна олон хүнийг хоолтой нь залгуулж, хүний шаар шавхруу болсон олон олон амьтадыг гавьяат үйлстэн болгон мандуулсан. Эх орны эрэлхэг хүү, түүхэн гавъяат зүтгэлтэн, Монголын орчин үеийн түүхийн нэгэн бахархалт баатрынх нь хувьд Сүхбаатарыг хүндэтгэх боловч түүний үхснээс хойшхи хавьгүй урт удаан баялаг “намтар” нь хөөрхийг тун ч хачирхалтай нэгэн марзан этгээд болгон хувиргасан тул Сүхбаатар жанжин маань илүүтэй гашуун хувь зохиолтой өрөвдмөөр нэгэн санагддаг юм. Наад зах нь л Сүхбаатарыг 1921 онд 128 удаа тулалдаанд орж байсан хэмээн магтсанаар өнжөөд л нэг байлдаж явдаг өвчтэй хийрхүү донтон болгон матарласан. Тэр амьддаа хүн байсан, харин одоо бол хэн нэгнийг буруутгах, шийтгэх эсвэл зөвтгөхөд, мөн алдаршуулахад ашигладаг “туг” нэртэй сэмэрч урагдан таар болсон даавууны сэг. Анх шар байснаа улаан өнгөтэй болсоор цагийн эргэлтэнд гандан ямар өнгөтэй нь ч таагдашгүй болжээ. Энэ таарыг бүгд булаацалдах ба гартаа оруулж авсан нь тэр даруй тулалдааны багаж хэрэгслэл болгон өс хонзонгоо авах, өөрсдийгөө алдаршуулан магтуулахад ашиглана. Ясыг нь өндөлзүүлнэ гэсэн үг энд дэндүү багадна.
   
Санжаасүрэнгийн Зоригийг би сайн таньдаг байсан, гайгүй дотно нөхөрлөж явсны хувьд түүний алагдсанаас хойшхи хувь зохиол Сүхбаатарынхтай улам улам л төстэй болж ирж байгаад эмзэглэдэг.

2016.12.15




 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn