Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Генийн өөрчлөлттэй хүнс
2017 оны 1 сарын 2 [Уншсан тоо: 140686]

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал. Тосыг нь авч хэрэглэдэг. Уг нь улаан буудайнаас бараг хоёр дахин үнэ хүрдэг болохоор сүүлийн үед манайд ихээр тариалах болсон. Шар цэцэгтэй, талбай нь зун шаргалтаад л байдаг. Одоо дэлхий даяар уламжлалт рапс биш, канола сортыг тариалах болжээ. Канола гэдгийн “кан” гэдэг нь Канад гэсэн нэрийн эхний үе. Канадын гурван бахархлын нэг гэдэг юм билээ. 1924 онд тэнд инсулин гарган авснаар чихэр шижин өвчтэй хүмүүсийг аварсан. Энэ зууны эхээр блэкбэрри хэмээх шинэ төрлийн гар утас хийсэн. Гурав дахь нь канола.
   
Манай хөдөө аж ахуйн яамны түшмэлүүдтэй тариалагчид тохироогүй юу, авилгаа багадуулсан уу, эсвэл эртний өстөн нэг нь таарсан уу, генийн өөрчлөлттэй аюулт рапсын эсрэг суртчилгаа мэдээллийн хэрэгслэлээр хахах боллоо. Ийм хүнснээс болоод америк эрчүүд үргүй болж боожгоо нь ажилгүй болсон гэнэ. Ген нь өөрчлөгдөөд хүн удахгүй хүн биш болчихдог гэнэ. Найм дугаар ангийн боловсрол хагас дутуу ч болов авч хүчрээгүй болов уу гэмээр сэтгүүлч гэх жаравгар охид гудамжаар микрофон барин аймшигт гений өөрчлөлттэй хүнсний тухай тайлбарлан эмгэд хөгшдийг айлгангаа үнэнийг илчлэгчийн дүр эсгэж баатар царайлна. Тээр жил Баянхонгор, Говь-Алтайд эфир гаргаж авахаар тариалалт эхэлсэн чинь эфир бол дэлхий дээр хамгийн аймаар, хар тамхинаас хэдэн мянга дахин хүчтэй хор гэж шуугиан үүсгэж Мэргэжлийн хяналтынхнаар хаалгаж байсан. Одоо энэ канола тариалалтыг мань Содхүү хааж шудрага журам медаль хүртэх нь гарцаагүй. Ер нь юм мэдэхгүй хүнийг нэр томъёогоор айлгах буюу баярлуулах амархан л даа. Дигидроген оксидийн аюулын тухай харанга дэлдэн бөөн бужигнаан үүсгэж болно. Гэтэл энэ нь ердийн усны томъёоны латин нэршил шүү дээ.

Генийн өөрчлөлттэй организм хэмээх шинэ нэршил ерээд оноос буй болжээ. Genetically modified organism (GMO) эсвэл genetically engineered organism (GEO) гэсэн англи нэршил бүх хэлэнд хурдтай тарсан хэрэг. Өөр сурвалжаас гаралтай ДНХ-ийн молекулыг организмд суулган шинэ шинж тэмдэг гаргаж авах энэ процесс 1973 онд нээгдсэн ба улмаар хөгжсөөр биотехнологи хэмээх шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ салбар буй болсон юм. Өсөлтийн дааврын генийг давхарлуулж суулгаснаар бараг бярууны хиртэй том хонь гаргаж аван гайхуулж байсан нь аль ерээд оны үе. Өөхгүй гахай гаргаж авч байсан, харамсалтай нь 22.5 хэмд амьдардаг, температурын яльгүй зөрөө гарахад үхчихдэг хэврэг амьтан байв. Нефть иддэг бичил биетэн гаргаж авсан нь их шуугиан тарьж байв. Далай тэнгист асргарсан тосыг үтэр түргэн цэвэрлэхэд их хэрэг болно. Цаас идэгч буй болгоод хог цэвэрлүүлнэ. Ер нь биотехнологи бол орчин үеийн шинжлэх ухааны хамгийн гайхамшигт ололтын нэг. Гэвч моралийн, этикийн, шашины талаас нэг том асуулт тавигддаг: Өдий хүртэл хүн төрлөхтөн зөвхөн байгалийн байсан хуулийг нээдэг байлаа. Дэлхийд байгаа бүхий л амьтан ургамал бол Бурханы биш юм гэхэд байгалийн бүтээгдэхүүн. Гэтэл хүн байгалийн хуулийг өөрт нь эргүүлж ашиглаад байгальд байхгүй юм шинээр бүтээж байна. Энэ бол Бурханы, эсвэл байгалийн эсрэг үйлдэл!

Уул нь Гений өөрчлөлттэй организмыг хүн төрлөхтөн 10 мянга гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Зарим амьтныг гэршүүлсэн нь удаан хугацааны селекцийн үр дүн юм. Тахь 72 хромосомтой атал адуу 66 хромосомтой байдаг нь аль зэрэг холдон гений өөрчлөлтөд орсны тод жишээ. 10 мянган жилийн өмнө дэлхийд гэнэтийн дулаарал болоход Хоёр мөрний хавьцаа нэгэн гажиг ургамал ургах болсныг хүмүүс ажиглажээ. Үет ургамлын үр салхинд хийсч тардаг атал тэр гажиг ургамлын хальс нь хийсч хүнд жинтэй үр нь үлдэнэ. Мутацаар буй болсон ийм ургамал байгальд цаашид оршин тогтнох бололцоогүй. Генийн ихээхэн өөрчлөлттэй организм. Харин хүн түүнийг гэршүүлэн тарьж эхэлсэн. Энэ ургамлын хүчээр анхны суурьшмал иргэд буй болж иргэншил эндээс үүссэн билээ. Гений өөрчлөлттэй энэ ургамлыг бид өнөөдөр улаан буудай гэж нэрлэдэг.  
   
Харин өнөө үед шинэ технологи амжилттай хөгжин анагаах ухаан, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны бусад салбарт хүчтэй нэвтэрлээ. 1982 онд генетик өөрчлөлтөд орсон бактерийн тусламжаар хүний инсулин гаргаж авсан нь ихээхэн том амжилтад тооцогддог. Тахал, цэцэг мэтийн аюултай өвчнийг анагаах эм вакцины хэсгийг үйлдвэрлэдэг ургамал бас гаргаж авчээ. Геноторапи хэмээх анагаах ухааны салбар буй болж эмчилгээнд асар том алхам хийв. Хөдөө аж ахуйн хувьд юун түрүүн таагүй орчин болон хортон шавьжтай нөхцөлд ажрахгүй ургаж чаддаг ургамлын шинэ сорт гаргаж авч эхэлжээ. Илүү ургац өгдөг, илүү том, илүү олон түрүүтэй, илүү амттай сортууд сүүлийн гучин жилд хэдэн мянгаараа буй болов. Үл орлогдох аминхүчил болон витамин дотроо ихээр агуулсан сорт ургамал ч олноор шинээр мэндлэв. Дотроо их целлюлоз агуулсан хурдан ургадаг мод буй болгосон нь байгаль орчны нөхөн сэргээлт болон цөлжилтийн эсрэг чухал эм болж байна.  Аквариумын загас болон тарьмал цэцгийн шинэ шинэ сорт үүлдрүүд нь байгальд хэзээ ч байгаагүй үзэсгэлэн төгөлдөр амьтан урагмалын цуглуулга буй болголоо.

Ерээд оны үеэс генийн өөрчлөлттэй хүнс зах зээлд орж ирлээ. Үүнийг монголоор ГӨХ гэж товчилж болох мэт. Генийн өөрчлөлттэй хүнс биотехнологийн салбар дотор хамгийн их маргаан үүсгэсэн юм. Ерөөсөө далаад оны эхээр анхлан ДНХ-ийн хэсгийг салгаж нийлүүлж эхэлсэн туршилтын үеэр ДНХ-ийн кодыг тайлсан Ватсон тэргүүтэй 15 генетикчид генээр хамаагүй оролдох нь хожим төсөөлөөгүй аюулд өртөж болохыг сануулж байсан. Гэвч “хамаагүй” оролдсоор байгаад хиймэл амьтан гаргах дээрээ тулжээ. ГӨХ хэрэглэх нь хожим хүн төрлөхтөнд аймшигт аюул авчирч болох юм гэсэн айдас зарим эрдэмтэнд төржээ. ГӨХ-өөс учирч магадгүй өөр аюулын тухай ч ярьдаг. Тухайлбал байгалийн бус аргаар гаргаж авсан ургамал хожим байгаль орчинд нөхөж баршгүй занал учруулж болно.

Гэвч энэ бүхний цаана эдийн засгийн асар их өрсөлдөөн нуугдаж байлаа. Юун түрүүн зах зээлийг хэн эзэмших булаацалдаан. Хөгжиж байгаа орнууд түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд, харин хөгжингүй орнууд аж үйлдвэрт олон жил ноёрхож ирсэн. Гэтэл биотехнологийн хөгжлөөс болоод хөдөө аж ахуй нь өндөр технологи болон хувирч хөгжингүй орнууд зах зээлийг тэр чигээр нь булаан авч байна. Иймээс Их наймын гэх мэтийн уулзалтын үеэр уламжлалт хөдөө аж ахуйн орны фермерүүд нийлж жагсан “даяаршлын эсрэг” гэх мэтийн сүрт жагсаал зохион байгуулах болов. Өнөөдөр биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Европт, 10 хувь Япон болон бусад оронд ноогдож байгаа. Ингэхээр энэ салбарт дагнан ноёрхож байгаа АНУ нь бусад орны хөдөө аж ахуйн зах зээлийг булаан авч буй хэрэг. Ялангуяа Франц мэтийн орнууд энэ явдлыг үл тэвчин “генийн өөрчлөлттэй хүнсэнд хориг тавих” гэх мэтийн хөдөлгөөнийг өрнүүлж буй. Фермерүүдийн шахалтаар засгийн газрууд ч хуулийн хаалт хийж эхэлсэн болно. Зүүн Европын орнуудаас хөдөө аж ахуйн хөгжлөөр тэргүүлдэг нь Унгар. Эдний зах зээл биотехнологийн довтолгоонд хамгийн түрүүн өртөж буй учир ГӨХ-д бүрэн хориг тавьсан байна. Хэсэгчилсэн хоригийг нэлээд орон тавьсан. Голдуу өөрснөө илүү үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд тухайлсан сортод хориг тавьсан байх юм. Зарим орон, тухайлбал Орос ГӨХ-ээс нэр заан өөрийн зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олгож байгаа ба энэ бүртгэл жил ирэх тутам нэмэгдэж байна. 2008 онд Оросын зах зээлд орохоор зөвшөөрөгдсөн гений өөрчлалттэй организмд шар буурцгийн шугам А40-3-2, шугам А2704-12, шугам А 5547-127 гэх мэтээр сортоор нь заагаад өгчээ. Энэ нь цагаан будаа, төмс, чихрийн нишингэ, эрдэнэ шишийн гээд цааш явахаар нэлээд урт жагсаалт болно.

Генийн өөрчлөлттэй организм, хүнс, бүтээгдэхүүн өдөр ирэх тутам улам хүчээ авсаар. Өнөөдөр дэлхийн нийт газар тариалангийн талбайн 20 хувь нь ийм ургамал тариалахад зориулагджээ. Шар буурцаг, рапси, хөвөн, эрдэнэ шишийн дэлхийн нийт ургацын 90-ээс дээш хувь нь генийн өөрчлөлттэй болсон. Нишингэ, улаан лооль, чихэрлэг чинжүүний нийт ургацын талаас илүү нь генийн өөрчлөлттэй. Энэ жилээс анхны генийн өөрчлөлттэй цагаан будааг том талбайд тариалж эхлэнэ. Нэг үгэндээ хүн төрлөхтөн ГӨХ-ээс зугтаах боломжгүй болсон.

Зарим генетикчдийн болгоомжлуулаад байгаа болзошгүй аюул гэдгийг дэлхийн тэргүүлэх хүрээлэнгүүд нягтлан шалгаж байна. Хүний хоол боловсруулах ажиллагаанд оролцдог эширика коли мэтийн бактери ГӨХ-ийн нөлөөгөөр өөрчлөлтөд орж болох тухай эмзэг жишээг их ишилдэг байсан. Хүнийг бодвол бактери нь амархан өөрчлөлтөд орж болох организм юм. Өнгөрсөн онд энэ таамаглал ташаа болохыг хэд хэдэн институци туршилтаар баталлаа.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ГӨХ-ийг өргөнөөр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй гэж зарлав. Өнгөрсөн жилүүдэд ГӨХ-өөс болж эрүүл мэндээр хохирсон нэг ч жишээ илрээгүйг тэмдэглэжээ. Америкийн хүнсний холбоо ч ийм мэдэгдэл гаргалаа. Шинжлэх ухааны олон байгууллагын туршилт мэдэгдлийн үр дүнд шашины байгууллагууд ч ГӨХ-ийг зөвшөөрөх болов. Иудайн шашны нэгдсэн холбоо ГӨХ-ийг бүрэн зөвшөөрч байгаагаа хүлээсний дараа Лалын нэгдсэн шүүхийн зөвлөл ГӨХ-ийг халяль буюу шариатын хуулийг зөрчихгүй гэдгийг албан ёсоор зарлав. Ватиканаас ГӨХ-ийг хүн төрлөхтнийг ядуурал өлсгөлөнгөөс гаргах чухал зүйл хэмээгээд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Үнэхээр яавч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа газрын нэг бол Грин пийс хэмээх байгаль орчныг хамгаалах олон улсын сайн дурын байгууллага болой. Япончууд халим агнаж байгааг, францчууд Номхон далайд цөмийн туршилт явуулж байгааг эсэргүүцэж байна хэмээн хүч хэрэглэн террорист халдлага байнга явуулдагаараа нэлээд нэрд гарсан байгууллага л даа.  ГӨХ-ийг эсэргүүцдэг хүнсний болон хөдөө аж ахуйн компаниуд нийлж хэдэн жилийн өмнө Органик хүнсний холбоо байгуулсан нь харин өдгөө нэлээд моод болоод байна. Органик хүнс гэдэг нь генийн өөрчлөлт байтугай химийн бордоо ч огт хэрэглээгүй байгаллаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэлж байгаа юм. Бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэрт гаргаж чадсан бас нэг мундаг амжилт. Органик хүнсний бүтээгдэхүүн нь өдгөө чинээлэг бэлтэй хүмүүсийн үндсэн хэрэглэгдэхүүн болж улам газар авсаар байна.

2012.02.16

Жич: УИХ-аас Генийн өөрчлөлттэй хүнсийг бүрэн хориглохоор хууль өргөн баригдсантай холбогдуулан таван жилийн өмнөх энэ өгүүлэлд хэдэн үг нэмж хэлэх гэсэн юм.

  1. ГӨХ-өөс болон даяаршлаас өнөөдөр хэн ч зугтаах бололцоогүй.
  2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хүнсэнд хориг тавих дуртай улс төрийн болон шашны байгууллагаас (Энэтхэгт үхрийн мөх, лалын орнуудад гахайн мах хориглодог) ГӨХ-ийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв ГӨХ буй болоогүй бол өнөөгийн ертөнц 7 тэрбум хүнээсээ 3 тэрбумыг нь л тэжээж чадах байж. Хятад хэрэглээнийхээ хагас буюу 30 тэрбум долларын ГӨХ шар буурцгийг жил бүр АНУ-аас худалдан авдаг. 
  3. 100% аюулгүй хүнс гэж энэ хорвоод байхгүй.
  4. ГӨХ-д бүрэн хориг тавьсан орон тун цөөн. Зарим орон хэсэгчлэн хориглодог нь өөрснөө түлхүү үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хамгаалах зорилгоор фермерүүдийн шахалтаар хэсэгчилсэн хориг тавьдаг. ГӨХ гэхээсээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хамгаалж чадах тэнхээтэй баян орнууд л ийм арга хэмжээ авах бололцоотой. 2016 онд Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Орост ГӨХ-ийг бүрэн хориглосон нь эдийн засгийн хоригт орсонтой нь холбоотой улс төрийн сөрөг арга хэмжээ юм. Оросууд өрнийн орнуудад мөн сөрөг хориг тавьсныг худалдаачид өргөн хэмжээгээр зөрчиж буй учир тэдэнд давхар даралт учруулахын тулд ГӨХ-ийн хоригоор нэмж шахалт үзүүлж буй юм. 
  5. Үйлдвэрлэгч компаниудын өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд түлхүү борлуулахын тулд хийж буй сөрөг суртал нэвтрүүлэг үргэлж байсан, даяаршсан өнөөгийн нөхцөлд үүнд нь хүн төрлөхтөн нийтээр татагдах болсон. Кофе, цай, мах (тахианы махны эсрэг өргөн кампани, Солонгост болсон үхрийн махны эсрэг нийтийн хөдөлгөөн гэх мэт) эм (аспириныг ХХ зуунд 13 удаа хориглож байжээ), кола, бохь, тос (хүн төрлөхтөн 160 жил аюулгүй хэрэглэсэн транс тосны эсрэг цуурхал), хэрэгслэл (Хүүхдийн сооскыг аюултай гэж олон удаа хориглож байв) гэх мэтээр “онц аюултай” болох нь гэнэт мэдэгдэж шуугиулж байсан болгоныг тоочвол барагдахгүй. Голдуу “хавдар үүсгэдэг” гэх хаягтай байдаг. Хавдар нь тухайн хүний генийн онцлогоос ихээхэн хамаардаг учир тэрэн дээрээ тулбал аль нэг хүнд цэвэр агаар ч хавдар үүсгэх бололцоотой. Ямар ч хүнс ямар нэг талаасаа ямар нэг хүнд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлж болохыг дэвэргэсэн судалгаа шинжилгээний заримдаг үр дүнгээр нийтэд айдас үүсгэх гэсэн худалдааны зориулалттай цуурхал шуугианд боловсрол тааруутай нийгмийн хэсэг их автамхай байдаг.
  6. Монгол улс мах, гурилаа эс тооцвол ихэнх хүнсээ импортоор авдаг. Үнэндээ манай мах, ургамал ч эко биш. Монголын Дорнод хэсэг тэр чигээрээ маш их радиацитай учир тэнд тарьсан хүнсний ургамлыг олон улсын стандартад нийцүүлэх нь нэн төвөгтэй. 60-70 жилийн турш химийн бодисоор бордсон бусад талбайд ургасан ургамлыг өнөөгийн ойлголтоор “органик” гэж нэрлэх бололцоогүй. Ийм орчинд олон үе дамжин билчээрлэсэн малын мах органик байх үндэсгүй. Монголын билчээрийн ургамлын маш олон хувь нь хортой, мянга мянган жил идээшилсэн монгол үүлдрийн мал хортой ургамал идээд дасчихсан. Гадны мал манай билчээрийн ургамал идээд шууд хорддог. Энэ нь хэдийгээр үнэн боловч иймэрхүү яриаг сүржигнүүлэн дэвэргэх юм бол лав л монголчууд юу ч идэх бололцоогүй болно. Тийм байлаа ч монгол малын мах амттай, сайхан, салахын аргагүй.
  7. ГӨХ-өөс зугтаах аргагүй өнөөгийн ертөнцөд үүнийг хориглосноор нийтийн дунд хуурамч айдас үүсгэх төдийгүй үйлдвэрлэгч хэрэглэгч, мөрөөрөө яваа нэгний хооронд ихээхэн маргаан шуугиан хонзогнол талцал үүсгэнэ. Юун төрийн энэ нь биенээ хорлох, дампууруулах сайхан бололцоо буй болгоно. Их ашиг унагадаг канологийн тариаланг улс төрийн болон хувийн хонзонгоор сүйтгэхээс эхлэнэ. ГӨХ-тэй хүнс нэрийн дор (дэлгүүрт зарж буй импортын хүнс тэртэй тэргүй ГӨХ нь баталгаатай эсвэл сэжигтэй байж таараа) дуртай аж ахуйн нэгжээ дарамтлах үүд нээгдэнэ. Хамгийн наад зах нь дэлгүүрээр нэг байгаа бор цуу болгон ГӨХ. Дэлхий дээр ургаж байгаа шар буурцаг бүгд гений өөрчлөлттэй учраас шүү дээ. Мэдээж үүнийг дагаад авилга улам газар авна.
  8. Уул нь хүнсний аюулгүй байдал (security) Хүнсний сөрөг бус байдал (sefity) гэсэн шал тусдаа хоёр ойлголт байдаг. Аюулгүй байдал гэдэг нь хүнсний хүрэлцээг хэлж байгаа юм. Өлсгөлөнгөөр хэдэн саяараа үхэж байсан Хятад, Европ болон өнөөгийн Африктай харьцуулахад монголчууд хүнсний аюултай байдалд хэзээ ч орж байсангүй. Өдгөө 70 сая малтай 3 сая монголчууд махны хэрэглээгээр дэлхийд тэргүүн байр эзэлж байна. Хүнсний сөрөг бус байдлаас хамгийн санаа зовмоор зүйл нь хэт таргалалт. Нийт хүн амын гуравны нэг, 35 наснаас дээшхид гуравны хоёр нь жингийн хэтрэлттэй байгаа. Хор ярьвал бүх хүнс ямар нэг хэмжээгээр хортой. Харьцангуй. Тийм учраас сөрөг бус хүнсний стандарт гаргадаг. Өнөө болтол ГӨХ-өөс болж хордсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгааг ДЭМБ баталсан бол манайд хорхог, нэрмэл архинаас хордож үхэх тохиолдол байнга гардгийг хэн хүнгүй мэднэ. Ер нь хорхог төдийгүй, тарваганы мах, нэрмэл архи, хуушуур, борц зэрэг нь өдгөө манайд мөрдөгдөж буй сөрөг байдлын стандартыг маш олон дахинаар зөрчиж буйг аль ч хүнсний биохимич хэлээд өгөх байх. 
  9. Түлхүү үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ гадны зах зээлээс хамгаалж бослого гаргаад буй фермер манайд алга. Харин ГӨХ гэх мaнгасын домгоор бусдыг дарамтлах гэсэн гэмт хэргийн сэдэлтнүүд бол цөөнгүй.
  10. Урт нэртэй хууль санаачлагчид өнөөдөр ч УИХ-д суусаар. Алтанд 68 хувийн татвар тавигч бас л суудалдаа. Банк, уул уурхай, холбоонд ГХО-ыг хориглосон гурвал дараагийн хуулиа өргөн барьсаар. Улс орны эдийн засгийг хорлон сүйтгэсэн өөр олон хууль батлагдсаар. “Юу ч мэддэггүй мөртөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг”.

2016.12.17

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив