Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шүүхийн шийдвэр
2017 оны 3 сарын 6 [Уншсан тоо: 76272]

Мань хүн маш хачин зүүд зүүдэллээ. Казинод орж тоглоод асар их мөнгө хожиж байх юм. Жинхнэдээ бол тэрээр хэзээ ч казино орж үзээгүй, энэ талаарх төсөөлөл нь ердөө л киноноос эхтэй. Харин зүүдэндээ бол мундаг тоглоомчин бололтой. Автомат дээр суугаад нүх рүү нь мөнгө шургуулаад товчлуурыг дарангуут л дэлгэц дээр баахан зураг хөвөрч байснаа зогсонгуут хэдэн мянган зоос асгараад л унана. Ямар зураг нь таарсан, яахаараа мөнгө цувдаг, яахаараа зоос гоождоггүйг ойлгосонгүй. Юутай ч товчлуур дарах бүрд л түмпэнгээр хэмжигдэх их зоос гоожино. Хажуудаа томоохон хогийн сав авчирч байгаад зооснуудаа тийш асгалаа. Дорхноо дүүрч орхив. Дараагийн хогийн сав ч дүүрлээ. Ингэсээр байгаад бүр ядарчихав. Одоо лавтай зуун кг болсон энэ их зоосоо “чулуу” болгохоор шийдэв. Казино дотор дэлгүүр байх юм. Тэнд янз бүрийн автомашин зарах аж. Тэрээр машинтай болох юмсан гэж олон жил мөрөөдсөн. Ингээд хөл дүүжлэх унаатай болдог аж! Үнэтэй ганган машинд зоос нь хүрэхгүй байж магад гэж хаширлаад хамгийн хямдхан машиныг заав. Зооснуудыг тоолж гарлаа. Тоолж дуусаад худалдагч “машин авахад цаана нь тавхан зоос дутуу байна” гэж мэдэгдэв. Мань хүн хармай хотоо ухаад юу ч олсонгүй. Хажуу хавиргад сонирхон зогсох хүмүүсээс ердөө тавхан зоос зээлээч гэж гуйтал хэн ч өгсөнгүйгээр барахгүй бүгдээрээ зугтаачихдаг байх шүү.
   
Ингээд тэр сэрчихлээ. Гомдож үхэх дөхөв. Ердөө тавхан зоос дутаад байх даа яахав дээ! Үгүй тэгээд тэр хүмүүс ямар харамч юм бэ! Ядахнаа дахиад ганцхан удаа нэмээд тоглочих минь яав даа! Орноосоо босч нэг тамхи татаж аваад дахин тоглохоор шийдлээ. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад нүдээ анин дахиж унтав. Зүүд эхэллээ. Одоо автомат дээр биш рүлэт дээр тоглох нь дээр гэж үзэв. Хүмүүсийг харахнаа олон нүдний аль нэгэн дээр хасаагаа байрлуулах аж. Мань эр ч аль нэгэн дээр бооцоо тавьлаа. Төмөр шаариг эргэсээр мань хүний тавьсан нүдний тоог заан тогтох нь тэр. Хасаа нь олон дахин үржив. Хэд дахиныг ойлгосонгүй, юутай ч баяжлаа. Энэ мэтчилэн давтан хожсоор хасаа нь хоёр хогийн сав дүүрчээ. Зоосыг бодвол дээрээ тоо бүхий хасаа цаасан мөнгө орлоно. Одоо өнөө машинаа авахаар шийдэв. Ийм их мөнгөтэй учир хямдыг биш үнэтэй лимүзин худалдан авахыг худалдагч санал болголоо. Ямар загвар маркийг мэдэхгүй, юутай ч ганган машинтай болчихлоо. Худалдагчийн цаана янз бүрийн хаусны загварууд өрөөтэй. Энд бас байшин зардаг аж. Овоо дөнгүүрээс нь нэгийг цохоод авахаар шийдлээ. Бүх насаараа өөрийн гэх тохьтой байртай болохыг мөрөөдсөн нэгэн. Худалдагч хасааг тоолж гарлаа. “Ердөө ганц атга хасаа дутаад байна” гэж мэдэгдэх нь тэр!
   
Ингээд сэрчихлээ. Харамсаж үхэх шахав. Естой гоё хаус байсан юмсан. Далайн эрэг дээр, эргэн тойрондоо цэцэрлэгтэй, усан сантай, гоёмсог хашаатай. Кинон дээр л тийм сайхан юм үзэж байсан. Орноосоо босч шил кола уучихаад дахин тоглохоор шийдэв. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад хурхирч гарлаа. Зүүд эхлэв. Покер тоглохоор шийдлээ. Илүү унацтай гэж сонссон юм байна. Гарын модоо тогтоож амжаагүй байтал диллер түүний хожсоныг зарлаж чек бичиж өгөв. Дараалан хожиж чек нь хоёр хогийн сав дүүрлээ. Хожлоороо үйлдвэр завод, компаниуд худалдаж авав. Цаана нь зөндөө үлдэв. Нэг наймаацсаных ерөөсөө дэлхийн бүх уурхайнуудыг авчихъя гэтэл уул уурхайн хамгийн том ордыг авахад ердөө ганцхан кг алт дутав.
   
Ингээд сэрчихлээ. Шаралхаж үхэх дөхөв. Дахиад ганц кг алттай байсан бол дэлхийн бүх баялаг түүний гарт орох байв. Орноосоо босч ганц шил пиво уучихаад дахиж тоглохоор шийдэв. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд таг унтлаа. Дэлхийн бүх казинонуудаар хэсүүчлэн тоглов. Хожилд нь хувьцаа авна. Хожсон хожоогоо авч явахын тулд хэдэн цуваа трэйллэр машин дагуулж явах боллоо. Тивүүд худалдан авав. Гэтэл хамгийн сүүлд дунд зэргийн нэг арал үлдсэнийг авах гэтэл мөнгө нь хүрсэнгүй. Ердөө ганцхан зоос дутжээ. Бусдаас зээлэх гэтэл энэ дэлхийд ганц зоостой хүн нэг ч үлдээгүй гэнэ.
  
Ингээд сэрчихлээ. Боож үхэхтэй дөхлөө. Орноосоо босч бүр гудамжинд гаран салхиллаа. Хэсэг сайн амьсгаа аваад гэртээ орж ирэн хөргөгчөө уудлан онгичиж байж хугас шил архи олов. Тэр чигээр нь хөнтөрч байж дотор нь жаахан онгойв. Дахиж тоглохоор шийдлээ. Орондоо орон хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч аваад бөх гэгч нь унтлаа. Зүүд эхэллээ. Өөрт нь хураагдаагүй цорын ганц казино энэ дэлхийд үлдсэнийг эрж эрж арай гэж оллоо. Хожсон мөнгөөрөө өнөө үлдсэн арлыг авахаар болов. Гэтэл тэр казинод хожилд нь өгөх мөнгө байдаггүй…
    
Хэн нэг нь түүнийг хүчтэй сэгсрэхэд сэрлээ. Цочин өндийгөөд хартал орных нь хөл тушаа 3-4 хүн (5?,6?...10?) зогсож байх юм. Бүгд гартаа урт буу барьжээ.
    -Та нар юун хүмүүс вэ? Шөнө дөлөөр айлын гэрт юу хийж явна?
    -Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явна. Шүүхийн шийдвэр биелүүлэхээр ирлээ.
    -Юун Шүүхийн шийдвэр? Одоохон гарцгаа. Энэ манай гэр.
    -Шүүхийн шийдвэрээр таны бүх хөрөнгө, түүний дотор энэ байр ч хураагдсан.
    -Юун шүүх вэ? Ямар шийдвэр? Намайг гэрээс минь хөөхнө үү?
    -Бид шийдвэр гүйцэтгэхээр л ирсэн.
    -Намайг яасан гэж шүүх хөрөнгө хуурсан болж байна?
    -Хэт шуналтсан гэж таны бүх хөрөнгийг хураах шийдвэр Шүүхээс гаргасан.
    -Нэгэнт хураачихсан юм бол та нар энд яах гэж ирсэн юм?
    -Шүүхийн шийдвэрээр таныг мөн цаазаар аваачих ёстой болсон.
    -Тэнгэр минь, яасан гэж?
    -Шунахайрсан гэж.
    -Би ердөө л зүүдэлсэн шүү дээ.
    -Зүүдэлсэн нь бидэнд хамаагүй. Бид Шүүхийн шийдвэр л биелүүлж яваа улс. Та босоод хана налаад цаашаа хараад зогс доо.
    -Би юу ч гэсэн босоод хувцсаа өмсөөдөхье.
    -Таны бүх хувцсыг Шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Танд хувцас байхгүй. Та зүгээр босоод хана налаад зогс.
    -Яах гэж байгаа юм?
    -Бид таныг цаазаар авах ёстой. Шүүхийн шийдвэр тэгэж гарсан.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн долоон хүн (Тэд долуулаа байсан юм байна!?) бүгд буугаа сумлан түүнийг чиглүүлээд зэрэг буудлаа. Мань хүний нүцгэн цээжинд таван том нүх гарчээ. Харин арын хана нь тэр чигээрээ нуль цус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хэд буугаа мөрөндөө аваад жагсаалаар гарч одов. Гадаа дөнгөж үүр тэмдгэрч байна.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив