Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна
2017 оны 4 сарын 13 [Уншсан тоо: 313824]

Зөв амьдрах, эх оронч байх хоёр адилхан

Би омог бардам хүн. Өөрийн гэсэн сэтгэл оюун, ёс суртахууны үнэт зүйлээ хэр хэмжээгээр нь мэдэрч, хамгаалж өссөн. Тийм хүмүүст ногдуулдаг “Биеэ тоосон этгээд” гэдэг тодорхойлолтыг олон удаа зүүсэн.  Тэр хэрээрээ, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүнийг дэмжиж, өмөөрч хүмүүжсэн. Мөн л тийм хүмүүсийг өмөөрөхөд ногддог гадуурхлыг ч бас амссан. Үүндээ бахархдагаас ялархдаггүй, бардамхан дурсдгаас үнэлгээ нэхдэггүй. Ийм л хүн, зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй, зарим нь гадарлана, зарим нь гадарлах ч хэлэхгүй...
   
Ерэн оны ардчилсан хувьсгалыг мөрөөдөн хүлээсэн, уухайлан тоссон, идэвхийлэн оролцсон төдийгүй оройлж хөтлөлцсөн хүний нэг байв. Өөрийгээ хүн гэж, эрх чөлөөт иргэн гэж биеэ тоосноо илэрхийлэх байтугай тэгэж хүнд бодогдуулчих вий гэдгээс бүгдээрээ айдаг тийм л нийгэмд төрж өссөн болохоор эрх чөлөөгөөр дутаад байгаагаа магадгүй илүү мэдэрч байсан байх. Тэр жилийн нийгмийн хувьсгал манай ард түмэнд эрх чөлөө олгосон.
Тэдний дотор би байсан, чи байсан, бид бүгд байсан.

Үлгэр домогт гардаг, ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд өөрөө үхдэг баатрын ёсоор тэр хувьсгалыг би хийлцээгүй. Өнөөдөр зарим хүний ялархан ярьдаг шиг “Би ч яахав үхвэл үхнэ биз. Ард түмэн минь эрх  чөлөөтэй болчихвол, хамаа алга”  гэж огт бодоогүй. Өөрөө ганцаараа эрх дархтай амьдрах гэвэл дарангуйлагч болдог, хүний өөрийнгүй эрх чөлөөтэй амьдрая гэвэл тэгш эрх тогтоодог тэр л дүрмээр, нийгмийн идэвхтэй хэсгээ уриалсан. Тийм ч учраас, ардчиллын үр шимийг хамгийн түрүүнд амсаж, үзэл бодлоо тунхаглаж, түүхээ шинэчлэн бичиж чадсан хүний нэг нь би өөрөө.

Нийгмийн ардчилал бол Монголын нийт ард түмэн бидний бүтээсэн үнэт зүйл. Чамд ч, чиний хүүхдэд ч хамаарах, өвлөгдөх үзэл санаа, оршихуйн үнэт өв.  Ардчилсан тогтолцоог би “Алив хүн хуулийн хүрээн дотор өөрийн амьдралаа өөрийн үзэмжээр зохицуулаад явах эрх чөлөө” гэж хардаг. Ийм учраас хүн болгон хуулийн хүрээн дотор өөрийн дуртай чаддаг юмаа хийгээд явбал энэ улс орон мөн амархан хөгжинө дөө гэж боддог байлаа. Бүх юм байрандаа, чаддаг нь даргаа хийг, хулгайч нь шорондоо хоног төөрүүлэг.

Ийм итгэл үнэмшлээрээ би улс төрийн идэвхит амьдралаас өөрийгөө чөлөөлөөд хориод жил боллоо. “Энэ бол надад тохирох ажил биш”, “тэгээд ч зохион байгуулах, хүнтэй ажиллах авъяас билэг байхгүй”, “ер нь өөрийхөө амьдралыг өөрөө зохицуулаад явах ёстой болохоос хүний өмнөөс амьдарч байгаа биш”, “нийгмийн шинэчлэлээс хүсч байсан эрх чөлөөгөө олж авсан, чадах дийлэх юмаа л хийе” – ийм л бодолтой байсан. Шударгаар хөдөлмөрлөсөн, үр шимийг нь ч хүртсэн, хүний дор орохгүй амьдарч байна. Хуулиас гадуур юу ч хийгээгүй, ингэх нь миний иргэний үүрэг төдийгүй үхэхийн цагт бардам байх гол шалгуур. Энэ орны иргэний хувьд хууль дүрмийг сахин биелүүлж, оногдсон татвар мөнгийг улс орондоо цаг хугацаанд нь тоо ёсоор төлсөөр ирлээ. Татвараа ном ёсоор нь төлөөд явдаг иргэнийг л эх оронч хүн гэнэ гэсэн ойлголттой.
        Зөв амьдрах, эх орноо хайрлах хоёр адилхан

Зөв нь цөөдөж, зөрүү нь хэтэрлээ

Нэг л мэдсэн 60 хүрчихлээ. Дуу дуугаа авалцаж төрсөн, ХХ зууны дунд үеийнхэнтэйгээ хамт өвөө, эмээ боллоо. Зүйтэй эхлэл, сайн гарааны тухай санаа сэдэхээсээ илүү, зөв үргэлжлэл, зөв бариа өвлүүлэх тухай бодон эргэцүүлэх, санаа тавин зүтгэх цаг бас хамт ирж байна. Бидний үе явж одохоосоо өмнө үр хүүхэд хойч үедээ юу үлдээв гэдгээ тунгаах цаг тулжээ. Чухам ийм учраас ах хүний хувьд, эцэг хүний хувьд, өвөө хүний хувьд, өвөг дээдсийнхээ үр ач болж төрсөн хүний хувьд, зэрэгцэн амьдарсан найз нөхрийн хувьд, унасан газраараар ижилдэх нутаг нэгтэн болсон хүний хувьд, угаасан усаараа холбогдсон хамаатан садан чинь болох хүний хувьд үндэс угсаа нэгт олон түмэн та нартаа хандахаар шийдэв.

Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд та бидний олсон их амжилтыг би үгүйсгэх гээгүй. Монголчууд түүхийн бүхий л хугацаандаа хамгийн баян тарган, өмч хөрөнгөтэй, эрх чөлөөтэй үед амьдарч байна. Бид урьд нь хэзээ ч ийм их орлоготой байж үзээгүй, хэзээ ч ийм олон малтай байж үзээгүй, хэзээ ч ийм эрх чөлөөтэй байж үзээгүй. Бас хэзээ ч ингэж төр засаг, нам төрөө шүүн хэлэлцэж үзээгүй. Бид хуульчлагдсан үнэт зүйлтэй болсон ард түмэн. Бидний хэн нь ч өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж эсэргүүцэж, дэмжиж, түдгэлзэж чадаж байгаа явдал нь хоёр их хөршийн маань иргэдийн хувьд хүнд ял зэмтэй, хориотой үйлдэл билээ. Бидний өмнө дэлхийн хамгийн баян, хамгийн боловсрол соёлтой, хамгийн эрх чөлөөт орон болох ирээдүй нээлттэй байгаа. Гэхдээ тэр бол ирээдүй л болохоос өнөөдөр биш, бололцоо л болохоос бодит байдал биш. Ашиглаж чадвал бодит байдал, эс чадвал хий хоосон мөрөөдөл. Бидний дунд, “зөв явсан бол лут болох хүн байсан юмсан” гэсэн тодотголтой арчаагаа алдагсад бишгүй л явдаг шиг. 

Анхны алхам болгон эрсдэл, ирээдүй хоёуланг дагуулж ирдэг. Бидний ардчилсан тогтоц дэлхийн анхных биш. Гэхдээ нүүдэлчдийн хээр талд цогцолсон анхны ардчилсан төр, анх удаагаа ардчилж буй эрх дураараа сэтгэхүйтэй нүүдэлчид. Ийм учраас Монголын ардчилалд хаврын яргуйнх шиг эмзэг дэлбээ хэтэрхий олон байжээ. Өнөөдөр би алдаагаа харж байна. Аугаа үзэл санааг ялуулж чадсан мөртлөө, өөрт нь даатгаад орхисон байна. Хэлүүлэх чичүүлэхээс халшралгүй зүтгэн хамгаалахын оронд өөрөө хөл дээрээ босог гээд үлдээсэн байна, эргээд харахад.

“Хуурсан мэхэлсэн нүгэлтнээс илүүтэйгээр, хуурч байгааг нь мэдсэн хэрнээ зогсоогоогүй нөгөөх нь гүн хилинцтэй” гэж бурхад хүртэл сургасан. Олон түмнийг хуурч байгааг, луйвардан дарлаж байгааг хэлсэндээ, илчилж явсандаа сэтгэл ханасан маань буруу болжээ. Хулгайчийн гарыг гавлалцахын оронд “Хулгай хийж байна, харж байгаа биз!” гэж хэлээд явсан маань учир мэдэх хүний хувьд гаргасан алдаа болсон байх. Мөрөөдөж яваад учирсан, өөрийн биеэр авчралцсан, үр шимийг нь амссан үнэт зүйлээ аврахын тулд өөрөө оролцохоос өөр аргагүй болсноо та нарт дуулгаж байгаа маань энэ.

Эргэн тойрноо эргүүлээд нэг харцгаа даа! Бид нэг өдөр баяжаад л, нөгөө өдөр гуйлгачин болоод л, нэг бялуурч мөнгө тараагаад л, тэгснээ гэнэт өрийн тулам болоод л өдөр хоногийг өнгөрүүлсээр олон жил боллоо. Энэ нь эхэндээ эрх баригчдын мунхаг бодлогын үр дүн байсан бол өдгөө тоотой хэдэн бүлэглэлийн зориудаар үйлдэж байгаа маш “ухаалаг” бодлогын төлөвлөсөн ажиллагаа болон хувирчээ. Эхэн үедээ мулгуу байдал нь үнэн чанар нь байсан бол сүүлийн үед баг халхавч нь болж, санаатай үйлдлүүдээ “тэнэгтээ л ингэж байгаа” болгон харагдуулж эхэллээ.

Уртаашаа, бид гурван саяулаа. Цөөхөн. Тал нь хүүхэд. Үлдсэний тал нь эмэгтэйчүүд. Тэгээд гуравны нэг нь тэтгэвэрийнхэн. Улс орноо авч явах үүрэг хүлээсэн 18-60 насны эрчүүд хагас сая. Гэтэл 100 мянга нь харьд гараад явчихсан. 10 мянга нь шоронд сууж байна. 100 мянга нь сархдын мөр хөөсөн. Мөн тэр тооны ажилгүй дампуучууд. Залуучуудын дунд хар тамхи хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр. ДОХ ч бас ялгаагүй. Хүн амд ноогдох элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Ингэхээр дүү минь, улс орноо үүрээд чирээд явахуйц өрх гэрийн сүр сүлд байх учиртай хичнээн эрчүүд цаана нь үлдэв? Өрх тэргүүлсэн эр хүн, жирийн нэг иргэн, эр цэрэг, оюутан, ажилчин чи энэ дотор живж байгаагаа ойлгож байна уу? Гэр орноо авч явж, үр хүүхдээ тэжээх гэж нуруугаа бөхтийтөл зүтгэх чиний хөлс хүч хаачив? Зүгээр сууж байгаад л зуу наслахгүй мөртөө мянган жил барахгүй цулайтал баяжсан эрхмүүд чамайг тохуутай харж, “хөдөлмөрлөөд бай, хөдөлмөрлөж л баяжина шүү” хэмээн даажигнана. Чи хөдөлмөрлөсөөр байвч бахь байдгаараа... Тэр гайхлууд бас “Амьдралд мөнгө нэг их чухал биш. Гол нь байгаадаа хангалуун бай” хэмээн тохуурхана. Чиний хөдөлмөрлөж олсон жаахан мөнгө үргэлж дутагдаж, үргэлж хомсодсон хэвээр... Ингээд харахаар юу бодогдож байна!? Чи ажиллан ажиллан хоосорсоор, тэд амран амран баяжсаар байх юмуу, цаашид? Энэ бүхнийг хамтдаа шүүхээр та нарт хандаж байна...

Би та нарт өвөө хүний хувьд хандаж байна. Та нартай одоо хамт суугаа болон итгэл найдвараа үлдээгээд буцсан өвгөдийн өмнөөс ярих нас намбаны эрх надад бий.
Би та нарт айл гэрийн эр нөхөр болсон хүний хувьд хандаж байна, миний эхнэр жирийн монгол бүсгүй, хүүхдүүдийн ээж, хадмуудынхаа бэр.
Би нарт монгол хүний үр нь, хүү нь болсон хүний хувьд хандаж байна, өвөг дээдэс малчин, бурхан болооч эх, эцэг минь малчин удамт дундач монгол сэхээтэн хүмүүс асан.
Би та нарт ах хүний хувьд хандаж байна, та нартай  адил дүү нартай нэгэн.
Би та нарт хамаатны садан хүний хувьд хандаж байна, “сайн ярьвал садан төрөл” гэгчээр салбарлуулан хуучлахаар бие биетэйгээ төрөлсөөд ирдэг угийн бичигтэй цөөхөн монголчуудын нэг чинь билээ.
Би та нарт Монгол улсын иргэний хувьд хандаж байна. Эх оронд минь бугшсан худал хуурмаг улс төр, эрүүл нийгмийг минь үрэвсүүлсэн хулгай луйврын хатиг, авилга, шударга бус явдлыг тэвчиж чадахаа болилоо, дуугүй хараад суух тэвчээр үгүй боллоо, үүнийг засалцахыг үнэхээр хүсэх боллоо.

Түүхийн хүрд эргэсээр. Түүх үргэлжилсээр. 10-20 жилийн дараа эх орон маань эргээд сэргэнэ, хүмүүс ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн амьдрах болно гэдэгт би итгэдэг. Монгол орон өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Харин өнөөдөр энэхүү зах замбараагүй байдал, эрх мэдлийг олсон хулгайч авилгачидын дураараа аашлалтыг даруй зогсоохгүй бол бид тэр гэрэлт ирээдүйд хүрч чадахгүй нь.
        Зөв нь цөөдөж, зөрүү нь хэтэрлээ.

Зөв яваагаа ёроолдоо хаядаг боллоо

Чи сайн явахаар, сайхан амьдрахаар төрсөн.
Дүү минь, хүү минь чи бол эх эцэгтээ хайрлагдсан сайн хүү. Чи бол сайн эр нөхөр. Сайн эцэг. Түшиг тулгууртай найз нөхөр. Чи энэ хорвоог хайрладаг, энд өөрийн баттай байр суурийг олохоор хар чадлаараа зүтгэж байгаа нэгэн. Харин энэ бүхнийг чинь булааж, байх ёстой байрнаас чинь түлхэн шахаж буй бүлэглэлийн золиос. Чи үүнийгээ мэдэрч байна уу? Чамайг алхам тутамд чинь зальдаж, хуурч, дээрэмдэж хулгайлж байгааг анзаардаг уу? Дүү минь - нүдээ нээ!

Чи төрөө мэдэж, хэнээр бариулахаа шийдэх хувьтай төрсөн. Улс орон нээлттэй нийгэмд орж, төрийн ардчилсан тогтолцоо бүрдэж, иргэд чөлөөт сонгуулиар хэнд эрх мэдэл олгохоо шийддэг боллоо. Сайхан хэрэг! Гэвч явсаар чиний хайхрамжгүй зан, хулчгар аймхай байдал, эрхээ хамгаалдаггүй тэрний төлөө хөөцөлддөгүй чанар, эр зориг дутмаг хэнэггүй явдлаас чинь болоод нэг л мэдэхэд энэ орны бүхий л эрх мэдэл хэсэг бүлэг хулгайч, луйварчин, дээрэмчдийн гарт оржээ. Ингэж төрийн эрх чиний гараас булаагдсан.

Чи баян чинээлэг, элбэг хангалуун амьдрахаар ирсэн. Гэтэл луйварчид алхам бүрд чинь чамайг мэхэлж, эрх чөлөө эд хөрөнгө эрхэм бүхнээс чинь хулгайлж байна. Тэд хуйвалдан бүлэглэж нялх хүүхдийн чинь сүүг, өтөл буурал эхийн чинь эмийг, хоолны шүүгэн дэх талхыг чинь, найз нөхдийн чинь хөрөнгийг, чиний өөрийн чинь итгэл найдварыг хулгайлж байна. Чамд байсан аль л ариун нандин болгоныг чинь дээрэмдэж байна. Чиний банкинд байх мөнгийг тэд хуурайлчихсан учраас данс чинь хоосон. Чиний хийх бизнесийг тэд хүүхэддээ, ах дүүсдээ булаагаад өгчихсөн учраас чамд хийх ажил, олох орлого олдохгүй байгаа юм.

Чи үнэ цэнэтэй эх оронтой, итгэл дүүрэн ирээдүйтэй төрсөн. Гэтэл луйварчдын балгаар эх орон чинь баримтлах үнэт зүйлгүй болж байна. Чамаас ирээдүйг чинь луйвардан авч байна.

Чи итгэл алдрахдаа олон юм бодож, бас төөрч эргэлзэж байгаа. Мэдээж чи улс төрийн намгүй нийгмийг мөрөөдөж байгаа. Чухам нам гээч авилгач луйварчдын овоолго амьдралыг чинь бужигнуулж байгааг харж байгаа. Нэг үгэндээ нам гээч юмнаас залхсан. Нэг талаасаа тэр үнэн. Гээд өнөөгийн ертөнцийн алив улс оронд зайлшгүй байх ёстой улс төрийн нам хэмээх инстүүцийг та бид өөрснөө ийм болгоод хаячихсан юм. Энэ инстүүц дээрэмчдээр дүүрэх бололцоог та бид олгожээ. Гэхдээ, өнөөгийн ертөнцөд улс төрийн намгүй нэг ч улс орон байхгүй. Нам нь шударга сонгуулийг зохион байгуулж, ард түмний хүсэл эрмэлзлэл хаанаа байгааг тодорхойлж, төрийн инстүүцийг шударга шалгуураар боловсон хүчнээр хангах, бэлдэх үүрэгтэй. Нам бол ард түмний хүсэл зоригийн дагуу төрийг төвхнүүлэх үйлсийн багаж хэрэгслэл төдий юм. Улс төрийн нам шударга байж төр цэвэр байна. Энэ олон “шударгыг” үнэхээр шударга байгаа эсэхийг та бид хянаж байх үүрэгтэй. Чухам ингэж байж л нийгэм цэвэр байна. Харин төрд боловсон хүчин санал болгодог нам маань хулгайч нараар дүүрсэн бол төр засаг өөрөө хулгайч дээрэмчдийн үүр болно. Ийм төр үргэлж чиний эсрэг ажиллана. Үргэлж чамайг тононо.
    Зөв яваагаа ёроолдоо хаядаг боллоо.

Танд халбага долоолгочихоод өөрөө хувингаар нь идэж байна

Одоо байгаагаа хар! Шударга сонгууль хэдийнээ байхаа больсон. Үүнийг хуйвалдаан, мэхлэл, худал амлалтаар шийддэг болсон. Үүнийг өөрсдийн байгуулсан сүлжээний аргаар гүйцэтгэдэг. Чи л анзаардаггүй болохоос нүдэн дээр дээр чинь болж буй явдал. Нэг намын удирдагч нь зуун мянга гаруй уяачдыг нэгтгэсэн сүлжээтэй. Яахав, монгол хүн болохоор морь бөхөндөө дуртай, үүнийг нь ашиглаж буй хэрэг. Энэ сүлжээгээр хээл хахууль шагнал урамшил урсана. Мэдээж бүгдэд нь хүрэлцэхгүй. Тэгээд ч олонх нь хэн нэгэнд эрх мэдэл олж өгөх тоглоомын шатрын хүү болж байгаагаа огт мэдэхгүй. Энэ бол төрийн эрх дээрэмдэж авах хэрэгслэл нь. Нөгөө намын толгойлогч нь намын анхан шатны үүрийн дарга нарыг өөрийн хүмүүсээр тавьжээ. Цэцэрлэг, сургууль, шоронд хамт байсан хүмүүс нь. Чамаас дээрэмдэж авсан мөнгөөрөө тэднээ цалинжуулж гөлөг болгоно. Төрийн эрх мэдлийг булааж авах бас нэг хүчирхэг сүлжээ. Төрийн инстүүц дээр хийсэн луйврын сүлжээгээ улс төрийн намд хувилан хэрэглэв. Мэдээж аль аль толгойлогч өөрийг нь хүрээлсэн үнэнч барлагуудтай. Ийм мафижсан бүлэглэлүүд засгийн эрхийг ээлжлэн барьсаар. Нэгэнт эрх мэдлийг атгасан тохиолдолд дуртайгаа хийнэ. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Тэдний хэлэх дуртай үг нь “Xууль ямар хамаатай юм!”, ”Та нар хэзээдээ нэг их хууль сахидаг болчоов?”.

Засаг авсан бүлэглэл улс орныг тонож эхлэнэ. Түр зуур ялагдсан нөгөө бүлэглэлээ гомдоохгүйн тулд хуйвалдана. Эсвэл эрх авсан бүлэглэлүүд биенээ гацаана. Дотроо ч жижиг бүлэг болон хуваагдаж үзэж тарна. Хүний өөрийн хамаагүй хуйвалдан эвсэнэ. Гаргаж буй шийдвэрээс унах унац бүгдэд нь ноогдсоны дараа түр тайвширч төрийн шийдвэр гаргамар аядана. Тэгснээ даруй түрүүний шийдвэрийг хүчингүй болгож шинээр шийдвэр гаргах нь өөрт ноогдсон ашгаа чамалсан хэрэг. Ярих өнгө нь эх оронсог, үйлдэл нь популизм, үнэндээ бол хоолны булаацалдаан. Ийнхүү төр нь шийдвэр гаргаж чаддаггүй, чадсан ч байнга өөрчлөгдөж байдаг тогтворгүй учир улс орныг хорлож сүйдлэнэ. Гадны хорлон сүйтгэгчдээр төрөө бариулбал хороллоо хороллоо гээд арай ч ингэж сүйдлэхээс санаа нь зовох байх. Ийнхүү дуртай луйварчны түйвээж болдог сул дорой төр засаг. Дорой төрийг хүчирхэг луйварчид удирддаг.

Хуулиа барьсан нь хохирч, хуйвалдаж чадсан нь ялж байна.
Биднийг тонож авсан асар их баялагаасаа багашаархан хэсгийг нь эргүүлж тараана. Буянтай, ханилгаатай, хаялагатай, халамжтайг нь бид гайхан дуу алдана. Ард түмнээ харж үзсэн янз бүрийн арга хэмжээ явуулна. Ямааны мөнгө, хуримын мөнгө, сүүний мөнгө, үр тарианы мөнгө, шатахууны мөнгө, үнэ тогтворжуулалт... Үнэндээ өөрснөө хулгай хийхийн тулд ийм ажиллагаа зохиож буй нь тэр. Тэр их мөнгөний өчүүхэн хэсэг нь ямаандаа очно. Ихэнхийг нь өөрснөө гудрана. Сүүлд нь “хуваасан” гэж бүлтрэнэ. Тэдний идэж уух луйвардах нь ил тод. Түмний нүдэн дээр тансаглан баярхана. Яагаад гэвэл чи ийм юманд хэдийнээ дасчихсан. Яагаад гэвэл чи айгаад, нэрэлхээд, хэнэггүйтээд, төвөгшөөгөөд юу ч хэлдэггүй.
        Танд халбага долоолгочихоод өөрөө хувингаар нь идэж байна.

Хадны мангаагаар айлгачихаад, хамаг ялаас мултарч байна.

Төрлөх зөнгөөрөө чи дотроо бухимдаж таараа. Бухимдлыг чинь дарж тайвшруулахын тулд тэд арай илүү дуулиантай нэг дайсан бэлдэж өгнө. Гэнэт л нэг ардын дайсан илрээд, шуугиад явчихна. Хамаг мөнгийг чинь энэ идчихсэн учир чи ядуу зүдүү байгаа гэж тайлбарлана. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Зарлагч орилогч нь эхлэн суралцагч популист, хөлснийхөн, од болох гэсэн тэнэг, шантаажлагч эсвэл шантаажлуулагч. Ингээд л чи тэр зааж өгсөн лүд барамтай нь ноцолдоод унана даа. Хамаг тэнхээгээ барна, жинхэнэ ардын дайсан цаана тарга тэвээртэйгээ амгалан үлдэнэ. Мафижсан бүлэглэлийг өөрийг нь болон ийм бүлэглэл байлгаад байгаа тогтолцоог чи огт анзаарахгүй. Харин тэдний зааж өгсөн “лүд”-тэй л хамаг буруу холбоотой юм шиг, лүдийг дарчихвал чи хүн шиг амьдрах юм шиг төсөөлнө. Өнөөдөр эрх мэдэлтэй байхаа нэгэнт больсон хэдэн хүнийг нэр заан “Тэд улсын хамаг мөнгийг нуусан учраас ядуу байна. Тэр мөнгийг аваад л ирвэл жаргал өөрөө ирнэ” гэсэн сурталчилгаагаар тоносон хулгай, луйвраа халхална.

Хадгаламж банкны 11 сая доллар, Алт диллер, Эрдэнэтийн барьцаалсан 140 сая доллар, Жаргаланхаан, Гал гаргагч, Сэргээн босголт, Гадаад өр төлөлтийн булхай, Зоригийг хөнөөсөн, Дарханы төмөрлөгийн 5 сая доллар, Мүүн, Шахаа, Оймс гозойлт, 17 чингэлэг, Офшоор, Нүүрсний хэрэг, 7 байшин, Нинжа, Газрын наймаа, Ерөнхийлөгчийн үзмэрч, Нарийн цариг, 10 мянган нас барсан хүний тэтгэлэг тэтгэвэр, Урааны аюул, Айбикс Молом, Хадгаламж зээлийн хоршоо, Гадаад өр төлсөн булхай, Жавхланг бадруулагч, Утаатай тэмцсэн 20 жилийн намтар… Эдний ихэнхийг чи мартсан даа. Яагаад гэвэл тодорхой зорилготойгоор хэдэн сар шуугиад “хэргийг хаадаг”. Эдгээр “аймшигтай” гэгдээд байгаа хэргүүд тэгээд яаж шийдэгдсэн юм бэ? Хэн шийтгүүлж, хэнээр хохирлыг төлүүлсэн юм бэ? Өдрийн сэнсаац уу?  Зүгээр л худлаа сэнсаацалж тоглосон юм бол хэн үүнийг зохиож найруулав? Яах гэж?

Чи иймэрхүү л байх юм бол цаадуул чинь чамайг ноцолдуулах аль нэгэн лүд бармыг үргэлж гаргаж өмнө чинь зууш маягаар тавьж байх болно. Золиосонд хаясан лүд барамтай тулалдсаар чи насыг барах болно. Харин цаана нь төрүүлсэн эх нь болох мафи сүлжээ улам л таргалсаар. Эцэст нь хожим чи түүхийн өмнө луйварчдын хамсаатан болж үлдэнэ. Түүх өршөөлгүй. Түүх бол хоржоонтой шоглоом.
   
Та нар өөрийгээ тэмцээгүй биш тэмцсэн гэж хэлнэ. Тиймээ, та нарыг ууртай жагсаж, хилинтэйгээр цуглаж байгааг дэлхий хардаг. Гэхдээ л бидний тэмцэл ч худлаа. Хааяа нэг жагсана, хэвлэлийн бага хурал хийнэ, сонин хэвлэлд бут авна. Чи оролцоно, чагнана, уншина. Мэдээж уурлана бухимдана. Гэтэл үүнийг хэн юуны тулд зохион байгуулаад чамайг оролцогчоор чангаагаад байгааг чи мэдэхгүй л хоцроно. Үнэндээ ихэнх тохиолдолд мөнгөө булаацалдсан мафи бүлэглэл хоорондын тэмцэлд чи зай бөглөгчөөр оролцоод байгаагаа анзаардаггүй. Чи өөрийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэгч биш, нэг хулгайч нөгөө хулгайчаасаа олзоо булаалдахад хэрэглэдэг багаж, нохойд барьдаг мод аятай болсон. Гашуун нь ч гэсэн үнэн. Чиний тэмцлийн мөрөөр, чиний сонголтын мөрөөр ямар нэгэн юм болох нь болсон, гэхдээ л чиний мөрөөдөж байсан, шаардаж байсан шударга ёс л лав биш. Үүнийг чи гадарлаж эхэлсэн, өөрийгээ доромжлогдож байгааг мэдэрч эхэлсэн учраас жагсаал цуглаанд итгэхээ байсан. Хамгийн аюултай нь шударга ёс тогтооход нөлөөлж чадах итгэлээ гээж эхэлсэн, тийм биз??

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадгийн үлгэрээр олон түмний буян дуусахгүй гэж найддаг. Харин тэд нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны ариун өвийг хорт хавдар мэт өвчлүүлэн алж байна. Энэ бол нөхөшгүй, эдгэршгүй шарх. Эрүүл саруул ертөнцөд бол наранд биш нарсанд суух гэм ялтай эрүүгийн хэрэгтэн гэж тооцогдох луйварчид төр нийгмийн дээд эгнээнд заларч, алхам тутамдаа хуулийг үл тоомсорлох, хуулиас гадуур алхах болсон нь хоёр мянганы уламжлалтай Монгол төрийн ариун нандин бүхнийг ээдүүллээ. Тэд шинэ үеийнхэнд “Ингэж болдог юм байна”, “Чадаж л байвал гэм нүглээс айх хэрэггүй юм байна” гэсэн буруу үлгэр, нүглийн зам зааж эхэллээ. Өчигдөрхөн л зөв зүгээр шударга иргэн байсан хүн өнөөдөр залилагч мэхлэгч, рэкэтчин шантаажчин болон хувирч буй явдал улам элбэг үзэгдэх болжээ. Төрд зүтгэхийн тулд биш, төрийн хамгаалалттай дээрэмчин болохыг эрмэлзэгчдээр улс төр дүүрлээ. Нийгэм маань улам кримналжиж тэр чигээрээ гэмт хэргийн ертөнц болох дээрээ тулаад байна.
        Хадны мангаагаар айлгачихаад, хамаг ялаас мултарч байна.

Тэсвэл дуусна. Тэсэрвэл үлдэнэ.

Тэсэхээ болилоо, тэвчээр барагдлаа. Тонуулчин дээрэмчдээр толгойлуулсан, хууль ёсыг уландаа гишгисэн, бүлэглэл хоорондын тэмцэлд гэр орноо нураасан зах замбараагүй нийгэмд үр хүүхэд, ач гучаа үлдээмээргүй байна. Эх орон элгэн саднаа хэдэн дээрэмчдийн гарт эгнэгт өгмөөргүй байна. Маргаашийн гэрэлд хүрэхийн тулд өнөөдрийн түнэр харанхуйгаас салмаар байна. Иймээс би өөрийн нэрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх гэсэн юмаа.

Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ. Энэ маань ч тэдний айдсыг төрүүлжээ. Мөрөөрөө яваа хүний хажууд тэдний шавар шавхай, шивир шинхэг илүү тод харагдаж, илүү хурц үнэртэх учраас тэдний зүрх үхжээ. Ийм учраас өөрсөнтэйгээ адил харагдуулахын тулд над руу шавар шавхай, шээс баасаа цацсаар. Нэрээ дэвшүүллээ гэснээс болж бүр ч их буртаг цацах болно. Тэд бусдад “нэг бол бидний өрөөсөн дугуй бол, эсбөгөөс зайлж далд ор” гэсэн ганцхан шаардлага тавьдаг. Эдэнтэй нийлж уул уурхайн орд, хотод газар, алив тэндэр нэхсэн бол үгүй наад зах нь айгаад нэрэлхээд шууд л өгөх байсан биз. Иймэрхүү луйвар тонуулд оролцоогүй учир нэр цэвэр шударга хүн гэж өөрийгөө нэрлэх гээгүй шүү. Манай нийгмийн иргэн болгон хулгай хийхгүй амьдрах нь ерөөсөө норм хэмжээ байх ёстой.

Манай ард түмний ихэнх нь намайг таних болов уу гэж найдаж байна. Иймээс аль нэгэн улс төрийн хүчнийг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна. Хүмүүс надад итгэдгийг би мэдэрдэг. Мэдээж ямар нэг хуйвалдаан, мафижсан бүлэглэлийн үгслийг би дийлж давж барахгүй. Харин энэ орны ердийн иргэд шударгаар сонголт хийх боломжтой болбол та бүхнийг итгэлийг би хүлээх үүд нээгдэх байх.

Энэнээс цааш тэснэ гэвэл бие махбод чинь тэсдэг юм гэхэд  эрх чөлөө, үнэт зүйл, аз жаргал чинь тэсч үлдэхгүй. Энэнээс цааш тэснэ гэвэл эргээд босох боложм үлдэхгүй.


Та нар дэмжвэл ТА НАР Л ЯЛНА

Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө. Хулгайч нарын байх ёстой газар нь төрийн сэнтий биш, шорон юм. Тэднийг байранд нь тавина. Би ард түмнийг гэнэт баяжуулж чадахгүй нь тодорхой. Гэхдээ гуулийг хууль болгож, бүгдэд нь шинэ боломж бололцоо нээж өгч чадна.

Бид гуравхан саяулаа. Бид цөөхүүлээ. Хэрэв бүх юм номоороо явж, хууль журам яс хэрэгждэг байх аваас монголчууд бидэнд дэндүү хангалттай хөрөнгө зоорь баялаг бий. Тэгш нэрээр хэн нэгний ариун цагаан хөдөлмөрөөр буй болсон баялагийг нийгэмчлэн хурааж бусдад нь тарааж өгөхийг би дэмжихгүй. Гэвч манай нийгмийн иргэн болгон тус бүртээ өөрийн чаддаг ажлаа хийн шударгаар хөдөлмөрлөн амьдрахад бүгдэд нь хүрэлцэх, сайн сайхан амьдруулах их баялаг бий. Нийгмийн шударга бус тогтолцоо өнөөдөр баян хоосны хооронд тэнгэр газар шиг зөрөө гарган эмх замбараагүй нийгмийг буй болгоод байгаа юм.

Чи миний талд зогс, би чиний талд зогсъё. Хамтраад энэ муухай механизм тогтолцоог нураая. Алив нийгэмд тогтсон мафи бүтэц үнэндээ тун хэврэг байдаг юм. Олуул нийлээд ганц сэгсрэхэд л тэд байрандаа очино. Гагцхүү үүнд иргэний зүрх зориг хэрэгтэй. Өдөр хоногийг идэвхигүй эвлэрэнгүй өнгөрөөгөөд байх аваас бид үүрд энэ намаг балчигтаа насыг барна.

Би, та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдагдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна.
Та нарын итгэл найдварыг балласан, гэрт чинь байх учиртай хөрөнгө, бизнест чинь олдох учиртай байсан боломжийг булаасан тогтоц ба тогтоцын үр могойг эргэж ирэхгүйгээр улс төрөөс холдуулахын төлөө байна, би. Та нар дэмжвэл тэднийг улс төрөөс үүрд зайлуулж чадна. 
Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.
Би ард түмнийг ч байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.
Би төрийн нэр баригчдыг ч суух ёстой газарт нь суулгахын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.
Би ард түмний нэрийг баригчдыг зогсох ёстой газарт зогсоохын төлөө байна. Та нар дэмжвэл чадна.

Би энэ бүхнийг хийсний дараа, өөрийн байх ёстой газарт эргэж очихын төлөө байна. Үүнийг хэний ч дэмжлэг, хэний шахалтгүйгээр өөрөө хийж дөнгөнө.

Би энэ бүхнийг хийхэд таны бодож байгаа шиг хэцүү, таны бодсноос ч хэцүү гэдгийг харж байна. Тэд хөрөнгө мөнгө эрх мэдлээрээ дамжуулан нэр дэвших эрхээс эхлээд таны сонгох эрхийг хүртэл гартаа атгана гэж горьдож байгаа. Гэхдээ бид нэгдэн нийлбэл дийлнэ. Бүхий гэмтнүүд аймхай, бүхий нүгэлтнүүд цочимтгой байдаг. Бидэнд зориг гэдэг зэвсэг байна. Энэ зэвсгээрээ бид тэдний их мөнгийг ч, мөнгөөрөө худалдаж авсан эрх мэдлийг нь ялж чадна.

Бид юу ч алдахгүй, харин алдсанаа эргүүлж олж авна.
Та нар дэмжвэл ТА НАР Л ЯЛНА

2017.4.7







"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив