Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Түүхийн гашүүн үнэн
2017 оны 6 сарын 19 [Уншсан тоо: 99841]
Монголын өндөрлөг.

Газар зүйн ухаанд “Монголын өндөрлөг” гэсэн ойлголт бий. Энэ нь Евроазид Төвдийн өндөрлөгийн дараа орох далайн төвшнөөс их өндөрт өргөгдсөн уудам газрын нэр. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр үүнд хамаарна. 1000-1500 метр өргөгдсөн энэ нутгийн ихэнхийг тал, говь, цөл эзлэнэ. Далайгаас алслагдсаны дээр Алтай, Хянган, Яблони зэрэг өндөр уулсаар эргэн тойрон нь хашигдсан учир тэнд чийг нь шимэгдээд асар хуурай цаг агаартай. Ургамалшилт нэн ядмаг. Иймээс хуурай хөрстэй учир газар тариалан эрхлэх бололцоо дутмаг. Умар өмнөдийн циклоны уулзвар учир темпратурын зөрөө асар. Өвөл зундаа бараг 100 хэмийн, өдөр шөнөдөө 20 хэмийн зөрөө гардаг ийм цаг уур манай гаригт ховор.

Ийм цаг ууртай газар хүний популяц нэн сийрэг байх нь ойлгомжтой. Гэхдээ харьцуулахад хойд туйл, Сибирь, Канадын тайга, Арааб, Сахаар, Калахар, Австралийн цөл зэрэг хүн амьдрах бараг бололцоогүй газраас хавьгүй дээр, юутай ч хүн амьдраад байх бололцоотой. Археологийн судлагаанаас үзэхэд Монголын өндөрлөгт анхны хомо сапиэнс 35-40 мянган жилийн өмнө ирсэн бололтой. Харин 20 орчим мянган жилийн өмнө энэ нутагт соёл үүсэн байх. Энэ нь Зүүн зүгээс нүүдэллэн ирсэн хүмүүс. Фудоны Их сургуулийн генетикчдийн хийсэн судалгаагаар тэр хүмүүс нь түрэг угсаатныг үүсгэжээ. Хожим нь монгол угсаатан түрэгүүдийг баруун тийш шахан өөрснөө эзэгнэх болж. Гэхдээ энэ нь хэдэн мянган жилийг дамнасан түүхийн урт процесс.

Байгаль орчиндоо зохицсон нүүдэлчин

Монголын өндөрлөгт суурьшигчид нь үндэс угсаанаасаа үл хамаараад ан гөрөө, нүүдлийн мал аж ахуй эрхэлж байв. Үе үеийн турш. Ийм цаг уурт нөхцөлд өөр аж ахуй эрхлэх бололцоо байсангүй. Эрт үед нүүдлийн аж ахуй эрхэлэгчид дэлхийн өнцөг булан бүрд байв. Тэр нь голдуу бэлчээр даган нүүнэ. Гэтэл Монголын өндөрлөгт амьдрагсад бэлчээр дагахаас гадна цаг уурын эрс тэс нөхцлийг зөөлрүүлэх зорилгоор нүүдэллэдэг байснаараа нэлээд ялгаатай. Ийнхүү байнгын нүүдэл хийдэг хүмүүс тахал, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн гамшигт бөөнөөр сүйрэх магадлал багатай. Сийрэг амьдардаг учраас. Харин ган зуд зэрэгт илүү өртөмхий. Нүүдлийн мал аж ахуйд хэд хэдэн төрлийн олон тоотой мал сүрэг шаардлагатай. Ингэж байж ган зудны бэрхшээлийг давна, амьд үлдэх малын магадлал нэмэгдэнэ. Ийм учраас Монголын өндөрлөгийн нүүдэлчид хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж байсангүй.

Нүүдэлчид дан ганц уурагт хүнс болон малын арьс шир ноосоор үйлдсэн хувцас хунар, гэр орноо өөрсдийгөө бүрэн хангадаг. Гэтэл ерөөс хүний хэрэгцээ ямар нэг зүйлийг харах, тэрбайтугай сонсоход үүсдэг. Сав суулга, даавуу торго, төмөр болон модон эдлэл зэрэг иргэншсэн нийгэмийн бүтээгдэхүүний дутагдлаа худалдаа наймаа, эсвэл аян дайнаар нөхөж хэрэгцээгээ хангаж байжээ. Үеийн үед шүү. Хамгийн ойр иргэншсэн нийгэм өмнө зүгт нь байлаа. Хятадуудын нүүдэлчдээс худалдан авдаг бараг цорын ганц бараа нь адуу. Гэвч улс төрийн байдлаас болж тэр болгон чөлөөт худалдаа явагдахгүй. Ийнхүү нүүдэлчдийн өмнө зүг хийх дээрмийн дайн хэдэн мянган жилийн турш тасралтгүй явагдаж байсан юм.

Амьд үлдэж тэсэн гарахын тулд зайлшгүй шаардлагат анхдагч хэрэгцээ болох хүнс, хувцас, гэр оромжоор өөрсдийгөө бүрэн хангаж чаддаг нүүдэлчид ийнхүү омог бардам зантай болжээ. Байнга нүүж явдаг болохоор эд хогшил болон бусад баялаг түр зуурын хэрэгцээг хангана уу гэхээс түүнээ байнга зөөж авч явах бололцоо байсангүй. Дэлхийн түүхэн дахь хамгийн том дайнууд хийж байсан нүүдэлчдэд тэр үеэсээ үлдсэн олзноос өдгөө хадгалж хоцорсон юм тун маруухан. Иймээс алив баялагт тун тоомжиргүй хандана. Хураах хуримтлуулах нөөцлөх ойлголт бараг байхгүй. Цаг уураас эхлээд улс төрийн ямар ч хүнд нөхцлийг яаж ийж байгаад даван туулж ард нь гарах тэсвэр тэвчээртэй. Байгалийнхаас эхлээд дайн байлдаан, улс төрийн хүнд хэцүү үетэй дасан зохицох өндөр ур чадвартай. Иймээс хүнд нөхцлөөс хамгаалах гэхээсээ түүнд зохицож байгаад даван туулж ард нь гарахыг илүү үздэг.

Мал маллахаас өөр ямар ч биеийн хөдөлмөрт дургүй, алив юмыг аргалаад өнгөрөөх сонирхолтой. Хагас зэрлэг нүүдлийн мал аж ахуй эрхлэх нь тариангийн аж ахуйгаас хавьгүй хялбар. Социологийн хүрээлэнгээс наяад онд хийсэн судалгаагаар малчны хөдөлмөрийн зураглал гаргахад жилийн дундачаар бодоод өдөрт хоёр цаг орчим хөдөлмөрлөдөг аж. Эмэгтэй нь арай урт ажиллана, эр хүн байлдах, хожмоо найр наадамд илүү цаг зарцуулна. Байгалийн эрхшээлд байх авч биенээсээ хамаарсан хамаарал бага учир хувьч үзэлтэй. Ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор хоорондын солилцоо ядмаг, тэр хэрээрээ биеэ тоосон, хувиа хичээх үзэл давамгай. Хүн-хүн гэсэн харилцаа сул учир эрх дураараа, хуулинд захирагдах дургүй. Эрх чөлөө бол үндсэн мэдрэмж нь.

Монгол хүн


Тэгээд ч яс маханд нь шингэсэн шашин шүтлэг үгүй, шаманист бөөгөөс эхлээд манахизм, нэсторын христианизм, баруунаас орж ирсэн буддизм, бумбын шашин, төвдийн шарын болон улааны шажин, марксизм зэргийг тухайн цагт нь өөриймшүүлээд цаг нь ирэхээр хаяж чадаж байв. Нүүдэлчдийн газар нутгийн ойлголт их өвөрмөц. Очсон газраа өөрийн гэж ойлгох ба орхисон нутгаа мартдаг. Евроазийн өргөн уудам нутагт Монголын өндөрлөгөөс нүүн очсон үе үеийн алтай угсаатны түүх үүнийг гэрчлэнэ. 1915 оны Гурван улсын гэрээний үеэр Монгол, Хятадын хооронд Дарьгангын хошуу хэнд нь хамаарах талаар маргаан болжээ. Дарьганга нь засаг захиргааны хувьд Хаалганд хамаардаг, үзэмчин түмний нутаг учир Гадаад Монголд хамаарахгүй гэж нөгөө тал үзэж байхад, Халхын Сэцэн хан, Түшээт ханаас олон айл тийш нүүж очсон учир манайх гэж монголчууд зөрөв. “Бид газар нутгийн талаар ярьж байна уу, нүүж очсон хүмүүсийн тухай юу” гэж хятадууд асууж байв.

Чингисийн их аян дайнаар монголчууд Ил хаант улс, Алтан улс, Чагадайн хаант улс, Юань династи гэсэн дөрвөн их гүрэн үлдээсэн боловч бүгд тэндээ уусан үлдсэн. Улс төрийн хувьд ч, шашин шүтлэгийн хувьд ч, засаг захиргааны хувьд ч. Үндсэн нутаг дээр нь хоорондоо үл таарах, үргэлж толхилцох Бага хаадын үе иржээ. Бага хаадын үе гэдэг нь Мин династийн түүхчдийн өгсөн хятад нэршил. Мин улс руу байнга довтолж байсан учир хятадууд Цагаан хэрмээ шинэчилж, далайн их аянаа бүрэн зогсоосон билээ. Лигдэн хаан манж нараас их мөнгө авч Хятад руу довтолдог байж. Хятадууд шанг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр эргээд Манж руу довтлон сүйтгэл учруулдаг байж. Иймэрхү жишээ Төвд рүү бүр гаажтай. Төвдийн шашны урсгалуудын өвөр хоорондын тэмцэлд монголчууд хоорондоо толхилдон хуваагдаж шунгин орсон нь мөн л олз омог, шан харамжаас үүдэлтэй.

Манж Чин гүрний дархлагдсан нутаг

Нэгэнт хүчирхэг байдлаа алдсан монголчууд олз омгийн төлөө хоорондоо үзэлцсээр XVIII зуун гэхэд Манж Чин улсад дагаар оржээ. Нэгэнт дэлхийг түйвээх чадал мөхсөн энэ үед манжийн вассал болсноор энх амгалан “алтан үе” нь эхэлсэн юм. Манж нар бол монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн. Хоёр үндэстэн мянган жилийн турш хөрш байж ураг төрөл, зан заншил, ертөнцийг үзэх үзлийн хувьд маш төстэй. Угсаатны хувьд ч адилхан алтайчууд. Халхтай, хожим нь ойрдуудтай хийсэн тохиролцоогоор Гадаад Монгол нь Манж Чин гүрний түшиг улс болсон юм. Нэн эртний түүхтэй, өргөн уудам нутагтай, багширсан олон хүн амтай, иргэншсэн Хятад орныг цөөн тоот манж нар захирна гэдэг амар биш учир монголчуудыг хань татжээ. Манж хүнийг хятадтай холилдох, гэрлэхийг хориглосон төдийгүй биеийн хүчний хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах алба гүйцэтгэхийг хуульчилсан байна. Гэвч Хятадын нүсэр том уламжлалт төрийн удирдлагын аппаратад нүүдэлчин манж нар арай гэж 16 хувийг нь бүрдүүлжээ. Хятадын суурьшмал амьдрал, тансаг нөхцөлд амархан автсан нүүдэлчид тун удалгүй уусан шингэсэн юм.

Манж нар Гадаад Монголыг онцгой статустай хаалттай бүс болгон хувиргасан. Манж нарын нэгэн адил хятадтай холилдохоос тусгаарлаж, энэ бүст хятад хүн ирж суурьшихыг хоригложээ. Энэ нь нэг талаас монгол үндэстнийг том үндэстэнд уусахаас хамгаалж хэл, заншил, уламжлалт хэв маягийг нь авч үлдсэн боловч нөгөө талаас хорвоогоос тасалж, хөгжил дэвшлээс хөндийрүүлж вакум орчинд консерволсон билээ. Хоёр зуун жилийн туршид Бээжин Гадаад Монголын үндсэн том асуудлаар хууль гарган шийддэг байсан болохоос монголчуудын дотоод хэрэгт төдийлөн оролцож байсангүй. Монгол нь онцгой эрхт газар тул татвар авдаггүй, харин ч язгууртан ноёд ихэс дэээдэст нь асар их бэлэг сэлт байнга ирүүлдэг байлаа. Гадаад Монголд байх засаг захиргааны бүх зардлыг Бээжингээс гаргана. Хүрээ, Ховдод амбан, Улиастайд жанжин, Хиагтад гааль байсны дээр хилийн харуул мэтийн асар их төсөв шаардсан албууд бий. Энэ болгонд олон мянган монголчууд алба хашдаг байлаа. Бүх зардлыг цалин мөнгөний хамт Манж Чин гаргана.

Манж нар Монголд ирэхээсээ айдаг

Гадаад Монголд хятад хүн суурьшиж болохгүй, нөгөө талаас хятадын суурьшмал тансаг амьдралд дасан дулаан газар шавар чулуун байшинд амьдарч сурсан манж нар эрс тэс амьсгалт Монголд ирж алба гүйцэтгэх хүн олдохгүй учир энэ ажлыг монголчуудад өөрсөд нь даатгасан байна. Бээжингээс Монголд томилогдсон түшмэд их бодож л Хаалган, Хөх хотод очиж суурьшин албаа алсаас монголчуудад ацагладаг байжээ. Манж Чин гүрний үед зөвхөн манж, монгол гэсэн хоёр үндэстэн л тусгай хангамжид хамарч, дарга даамал ихэс дээдэс болох бололцоо энэ хоёрт л үйлчлэнэ. Айгуны гэрээгээр Манжуурын хойд хэсгийг Орост алдсан, цаашдын түрэлтээс нь айн Манжуурт маш олон хятад тариачдыг нүүлгэснээс болоод Манж Чингийн эрх баригчид монголчуудад улам долигонох болов. Тэдний ихэс дээдэс монгол язгууртнуудтай ураг болохыг зорьж охид гүнж нараа монголын бэр болгоно. Тал хээр эсгий гэрт насыг барахаас гүнж нар дургүйцэх авч хөөж явуулна.

Нэг л үгээр хэлэхэд Монгол улс энэ хоёр зуун жилд Манжийн колони байгаагүй, ийм нэр томъёог хожмийн зөвлөлт түүхчид зохиосон. Колони гэдэг бол эзэрхсэн орны хүн ам тухайн нутагт олноор ирж суурьшихыг хэлдэг. Гэтэл нүдээр манж хүн үзсэн монгол малчин ард бараг байгаагүй байх. Манж дарлал зовлонгийн тухай яриа ч үнэнтэй нийцэхгүй. Үнэндээ түшиг нэртэй тэжээлгэсэн улс байлаа. Үүнийг вассал гэдэг. Монголчуудын Манж Чин гүрний өмнө авсан бараг ганц үүрэг нь Манжийн төрд аюул учирвал хамгаалан цэрэг хөдөлгөх ёстой. Хоорондоо муудалцан зарга заальхай болох нь их, ийм үед ойрхондоо монгол даргатай амбанд, цаашхиндаа Бээжин дахь ерөнхийлөн удирдах газар гомдол мэдүүлэн асуудлаа шийдүүлнэ. Монголын түүхэн дахь хамгийн энх амгалан үе.

(Үргэлжлэл нь дараагийн дугаарт)

2017.6.17
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив