Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголчуудын гарал үүсэл
2017 оны 8 сарын 5 [Уншсан тоо: 118524]

Сүүлийн үед миний бие “монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд бол хойд хятадууд юм” гэж бичин ард түмнээ доромжилсон хэрэгт унаад байгаа.  Олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэг нь: “Ерөөсөө Монгол гэж юу гэсэн үг вэ? Цуснаас нь байтугай генээс нь шинжилгээ аваад тийм үзүүлэлт байхгүй. Антропологийн хувьд Хань үндэстэн өмнөд хятад умарт хятад, төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд ерөнхийдөө умарт хятад ангилалд багтана” Баабар. За нэг иймэрхүү. Монголчууд бол Баабарын хэлсэнчлэн хятад биш, шал өөр үндэстэн юм гэдгийг батлан харуулсан кино хүртэл хийж Ю Тюб дээр тавьсан байгаа. Эндээс гарах дүгнэлт: Баабар өөрөө хятад хүн юм!
Мэдээж нийгмийн сүлжээгээр эзэн хаяггүй тарааж байгаа ийм “муухай” юманд бэлэн зэхээний хараал заналхийллээр дүүрсэн сэтгэгдэл дагалдаж таараа. Хамгийн гайгүй нь “Миний хөх Монгол угсаа гарвалаа өмөөрч эх түүхээ шинээр бичихгүй бол энэ мэт элэг доог болсоор явна!”. Бүр ийм постер зориуд цаг зав гарган бүтээгээд тараах авч мэдээж эзэн хаяг байхгүй.
Биофизикчийн мэргэжлийн дипломтой, биохими, генетикийн мэргэжлээр олон жил ажилласан, үгүйдээ дээд сургуульд антропологийн ухаанаар бүтэн күрс дүүргэсэн хүн атлаа угсаатны хувьд тэс өмнөө монгол ба хятадыг нэг гарал бүхий нэг үндэстэн гэж мэдэмхийрсэн болж байхшив, би?! 
Хэргийн мөрөөр хөөвөл 2001 онд хэвлүүлсэн “Зугаатай танин мэдэхгүй” гэсэн номд буй “Монголчуудын гарал үүсэл” гэсэн тавь шахам хуудас томоохон өгүүллээс зориудаар тасдан авсан гүтгэлэг бололтой. Би эл өгүүллийг уншигчдад илүү ойлгомжтой дөхөм байх үүднээс асуулт хариулт маягаар тэрэлжээ. Мөн мэргэжлийн нэршил зэргийг хялбаршуулан тайлбарлахын тулд уг өгүүллийг 11 бүлэгт хуваан, тухайн бүлэгт юу өгүүлж буйг тодотгохоор дэд гарчиг өгсөн байна. Түүх, антропологи, генетик зэрэг нарийн мэргэжлээс холуур хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс тэр болгоныг нарийвчлан энгийн үгээр тайлбарласан. Дэд гарчгуудаас юун тухай өгүүлсэн нь харагдана: “Нүүдэлчин болгон монгол биш”, ”Мэддэг үгтэй хэл болгон монгол биш”, ”Өвөг дээдэс маань тэнгэр, Сибирь хоёрын алинаас ирсэн бэ?”, ”Сэтгэхүйн хөх толбо”, ”Манай болон хүний газар”, ”Цэвэр халхууд цэвэр үү?”, ”Цус шүүгдэж биш холилдож цэвэршинэ”, ”Хамгаалалт нь хэтэрсэн үндэстэн”, ”Жинхэнэ монгол өвчин”, ”Бид хэтэрхий цэврээрээ үлдсэн байх”, ”Монголд зориулсан өвчин”.
Өнөөгийн Монгол улс нь дагнасан нэг үндэстнээс бүрэлдсэн дэлхийн цөөхөн орны нэг. Хүн амын 97 хувь нь монголчууд. Монгол биш уугуул үндэстэн гэвэл хасаг, тун цөөн тооны тува, хотон буй. Дэлхийн ихэнх оронд үндэстэн, шашинтан, арьстан, овог отгийн зөрчил нь томоохон асуудал үүсгэсээр буй бол монголчууд ийм бэрхшээлээс ангид байдгаараа маш давуу талтай юм. Гэтэл нэг гарвал үүсэлтэй, нэг хэлтэй, нэг түүхтэй, нэг язгууртай энэ ард түмэн яагаад сүүлийн үед өөрснийгөө санаатай болоод санаандгүйгээр балар цагийн овог отгийн хуваагдал, зориудын зөрчил рүү түлхэх болов? Чухам ийм асуултад л хариулахын тулд дээрх өгүүллийг бичсэн юм.
Бид саяхан болтол уйгаржин монголоор бичдэг байхдаа нэг бичигтэй түүнээ нутаг нутагт өөрийн аялагаар уншдаг байлаа. Өргөн уудам нутагт тархан суух монголчууд дотроо хэлний аялгаар ялгагддаг байв. Гэтэл өдгөө элдэв анкетанд “яс үндэс” гэсэн асуулттай заавал таарч түүнд албатай юм шиг “дөрвөд”, ”хотгойд”, ”буриад” гэж хариулна. Феодлын нийгэмд хүмүүсийг цагаан ястай тайж, хар ястай ард гэж хоёр хуваадаг байж. Язгууртан, язгууртан биш гэж ангилж буй хэрэг. Гучаад оны хийрхлийн үед “яс угсаа” гэсэн албан шаалтын асуултанд “тайж”, “ард” гэдэг байж. Тайж угсаатныг энэ анкетаар ялган бүгдийг нь хороож устгасан. Тавиад оноос нэгэнт тайж ястан байхгүй учир “яс угсаа” гэсэн анкетний асуулт хэвээр хадгалагдаж өөрийгөө “халх” хэмээн товойлгох, “харчин” хэмээн доошоо орох хариулт болгон өөрчилжээ. Бүгдээрээ л монголчууд шүү дээ, хэн нь хэнийхээ дээр гарах гээд байгаа ч юм?
Бид хэдэн мянган жилийн нүүдлийн удамтан. Хар тэнгисээс Номхон далай хүртэл уудам нутагт нүүдэлчний удам тархан суужээ. Бүгд өнөөгийн Монгол, Манжуурын нутгаас гаралтай. Эндээс маш олон үндэстэн салаалан буй болсон. Эдгээр үндэстнүүдийн холилдоон, ураг төрлийн холбоо мянганаар тоологдох хугацаанд үргэлжилсэн. Хэнийгээ ч цэвэр, хэнийгээ ч бохир цустай гэж хэлэх бололцоо үгүй. Ерөөсөө генетикийн утгаар цусаар болон генээр хүний ямар үндэстэнд хамаарахыг тодорхойлох огт бололцоогүй. Хүн, мэлхий хоёрын гений давхцал 90% байдаг юм шүү дээ. Хүн, шампанзе хоёрын гений давхцал 99%. Цус холилдох тухай аман яриа л байдаг болохоос шинжлэх ухааны утгаараа бүх хүний цусны найрлага яг адилхан. Цусанд байдаг зарим фактороор цусыг бүлэг болгодог ч хүн төрлөхтний дийлэнх нь нэгдүгээр бүлгийн цустай байдаг. Харин мал дээр, жишээ нь адууг “цэвэр цусны” гэлцдэг нь хүн селекциэр буй болгосон тодорхой үүлдрээ хэвээр хадгалахын тулд зориудын нийлүүлэг хийдэг арга технологитой холбоотой. Малын хээлтүүлгийг хүн удирдан зохицуулдаг, хүн энэ үйлдлээ өөрснөө сонгодог болохоор хүн, мал хоёр өөр л дөө.
Тус өгүүлэлд бидний одоо ястан гэж нэрлэх болсон аялгатнууд хаанаас хэрхэн нүүж яаж биенээсээ өөр аялагатай болсон тухай дэлгэрэнгүй бий. Тухайлбал Зүүн гурван түмний үед Хангайн нуруунд урианхай, Хэнтийн нуруунд халх, Далай нуур орчимд цахарууд нутаглаж байснаа Халх, Урианхайн хооронд хэрүүл гаран тэмцэлдэж ялсан халхчууд Хангайн нуруунд гарч, ялагдсан урианхайчууд хагас нь Алтай руу, хагас нь Хөвсгөл рүү ухарсан учир өдгөө алтайн урианхай, хөвсгөлийн урианхай гэсэн аялгатан буй болжээ. Зүүн гурван түмэн гэдэг маань Даян хаанаас хамаагүй хойш, ердөө саяхны явдал. Халх гэж яригдах болсон нь Чингисээс их хойш, Даян хааны ач хүү Гэрсэнзийн үеийн явдал ба Халх гол орчмоор нутаглаж байснаас ийм аялгатны нэр гарчээ.
Үе үеийн нүүдэлчид Хятадыг эзлэхээрээ өндөр иргэншилд уусан алга болж байсан. Харин монголчууд Юань гүрний үед өөрсдийгөө ихэд тусгаарлаж байсан тул уусах биш хөөгдөж гарчээ. Манж нартай эвссэн сүүлийн 200 гаруй жилд Манжийн хаанд аюул учирвал монголчууд цэрэглэн туслах, хариуд нь Монгол нутагт хятад хүн оруулахгүй гэсэн гэрээтэй байв. Энэ хугацаанд нэг талаас монголчууд хорвоогоос тусгаарлагдан консервлогдож хөгжил дэвшлээс ихэд холдсон боловч үндэстний хувьд уламжлал зан заншил хэл соёлоо “цэврээр” нь авч үлдсэн юм. Энэ л утгаараа “хамгаалалт нь хэтэрсэн үндэстэн”.
Өгүүлэлд мөн бидэнтэй холбоотой гэгддэг унгар, үнэхээр холбоотой түрэг болон тунгус язгууртны тухай, бидэнтэй хэл болон түүхээр ямар холбоотойг ч тайлбарласан. Мөн үндэстэн болон угсаатан гэдэг нь шинжлэх ухааны ойлголтоор юу гэсэн утгатайг тайлбарлав. Угсаатан бол биологийн ойлголт биш, соёл, түүх, иргэншил, социологийн ойлголт. Эрлийзийн тухай хийрхэл нь илүүтэй улс төр, суртал нэвтрүүлэг, атаархал, гүтгэлэг, хов жив, цуурхал гэсэн социал психологи, социологи агуулга илэрхийлдэг тухай ч нэлээд шүүмж тэнд байгаа. 
Оюунт хүн буюу биологийн латин нэр нь хомо сапиэнс гэгдэх бидний гарал үүсэл, нүүдэл суурьшил, үүнээс үүдсэн антропологийн ялгааны тухай ч завсар зайнд нь тодотгосон. Гарвал үүслийн хувьд өнөөдөр дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүн бүгд 40-60 мянган жилийн өмнө Африкаас гарч нүүн тархсан нэгэн зүйл. Олон арван мянганы эцэст хүмүүс цаг уур, амьдрах орчин зэргээсээ болоод гурван өөр арьстан болон өөрчлөгджээ. Жишээлэхэд яс бэхжүүлэхэд зайлшгүй шаардлагатай Д витаминыг хүн нарнаас авдаг, нарны туяа бага тусдаг умарт нутгийнхны арьс энэ шаардлагаас болж хувьслын явцад цайрчээ.

Шинжлэх ухааны хэлээр эдгээр гурван арьстныг “монголоид”, “нигероид”, “европоид” гэж нэрэлдэг, үүнийг дунд сургуулийн “Хүний биеийн анатом” сурах бичгээр заадаг. Энэ бол зүгээр л шинжлэх ухааны нэршил. Монголоид гэдэгт япон, хятад, чукча, солонгос, тува, монгол, лаос… бүгд багтана. “Би монголоид биш японоид байх ёстой” гэж япон хүн уурлан хэрүүл хийдэггүй байх.
Гурван арьстнаа цааш нь 35-60 хүртэл салган галбиртан болгож үздэг. Энэ нь нүүрний төрхийг голчлон харгалзана. Түүнээс үндэстэн угсаатантай ямар ч хамаагүй, хэрэв тийм байсан бол биологичид хүн төрлөхтнийг хэдэн арван мянган галбирт хуваах байлгүй. Скандинав ба араб хүн аль алин нь европоид боловч нүүрний галбир нь илэрхий өөр байдаг. Гэтэл хятад буюу хань гэх нэгдмэл үндэстэн мөртөө дотроо галбир нь шал өөр хүмүүс байдгийг хэн хүнгүй ажигласан байх. Өмнөд хятадын хүмүүс илүү жижиг биетэй, нүүрний хэлбэр нь урагш түрэнгэ байдаг бол уулархаг газрын хятадууд илүү бор царайтай бие томтой байх жишээтэй. Хань үндэстэн өөрөө дотроо хэд хэдэн галбирт хуваагддаг нь шинжлэх ухааны нэрээр “өмнөд хятад галбиртан”, ”хойд хятад галбиртан”, ”төвд галбиртан” гэх мэт. 

“Монголчуудын гарал үүсэл” өгүүлэлд үгчилбэл: “Антропологийн хувьд хань үндэстэн нь өмнөд хятад, хойд хятад, төвд гэсэн галбиртнуудад хуваагддаг. Хойд хятад галбирт монгол, манж, хасаг үндэстнүүд ч багтана. Энэ бол ердөө антропологийн хуваалт болохоос үндэстний асуудал биш шүү дээ” гэсэн нь цус судлаачдад мушгин гуйвуулахад ихээхэн таатай олз болсон бололтой. Энд “үндэстнүүд ч” гэснээр хамрах хүрээ нь өөр олон үндэстнийг ч багтааж байна гэсэн санааг илт гуйвуулах гээгүй л бол нэг утгаар ойлгогдох буйзээ.
Хойд хятад гэсэн нэршил нь Кидан буюу монголоор хятан үндэстнээс гарсан нэр юм. Эртний монголчууд урдуур суух бүх хүмүүсийг хятан гэдэг, олон тоон дээр хятад гэдэг байжээ. Гэтэл үнэн чанартаа кидан нар нь хань үндэстэнтэй ямар ч холбоогүй, монголчуудтай гарал үүсэл тун ойр, хэлний хувьд бараг адилхан үндэстэн байв. Киданы хаант улс мөхөж монголчууд оройлох болсноор тэд монголчуудад бүрнээ ууссан. Сүүлийн үеийн генетик судалгаагаар киданчууд нь өдгөө Алшаа хавиар нутагладаг дээд монголчууд гэх. 

Монгол хэлний хятан нь тухайлбал орос хэлээр Китай болон буужээ. Марко Поло Хятадын хойгуур нутаглагсадыг Катай гэж тэмдэглэж байсан нь энэ нэршил тархан улмаар шинжлэх ухааны нэр томъёо болсон бололтой. Хонконгийн агаарын тээврийн аварга компанийг “Катай Пасифик” гэдэг нь ч мөн л энэ нэр яваад буй хэрэг. Эндээс ийм нэр томъёо үлдсэнийг дээрх өгүүлэлд тодорхой дурдсан. 

Антропологичид хүнийг олон галбирт хуваахдаа чухам энэ нэрийг ашигласан бололтой. Хойд хятад буюу катай галбиртанд өнөөгийн солонгос, манж, монгол, хасаг, хиргис, тува үндэстнүүд багтана. Энэ бол антропологийн шинжлэх ухааны л нэршил. Үнэхээр ч солонгос, монгол, хиргис хүмүүс нүүр царайгаараа ялгардаггүйг хэн ч мэдэх байх. Энэ бол нүүрний хэлбэр галбирийг хэлж байгаа болохоос зан төрх, явдал хөдөлгөөн, уламжлал, ямар хоолонд дуртай, архи  сайн даадаг эсэх зэрэгтэй ямар ч холбоогүй.

Монголчууд ч дотроо гурван өөр галбирт хуваагддагийг тус өгүүлэлд тодорхой өгүүлсэн. Тухайлбал ихэнх буриадууд тунгус галбирт хамаардаг ба үүнийг тэдний төвгөр шанаа, жартгай нүдээр амархан ялгаж болно. Гэхдээ энэ нь буриадууд монгол биш гэсэн үг биш шүү дээ. “Засагт ханы хөх харчуул” гэсэн үг “Тунгалаг тамир” романаас болоод ихээхэн тархсан байдаг. Үнэндээ Говь-Алтайн урдуур төвд галбиртан элбэг тааралддаг болохоос хойгуур сумдаар нь дугуй шар царайтан их байдгийг хэн хүнгүй ажигласан л байх. Сонирхуулахад Казакстаны хасагууд бидэнтэй адил хойд хятад галбиртай байхад манай баянөлгийн хасагуудын олонхи болохоор уйгар галбиртай байдаг. 

Эцэст нь хэлэхэд миний олон жилийн өмнө бичсэн “Монголчуудын гарал үүсэл” гэсэн өгүүллийг хэн хүнгүй олж уншвал тун зүгээр. Өөрсдийнхөө гарал үүсэл нүүдэл суудлыг шинжлэх ухааны үүднээс мэдэн танилцах нь бидэнд л хэрэгтэй. Хошногон дээрээ цэнхэр тамгатайгаар тэнгэрээс бууж ирсэн гэж XXI зуунд яриад явах ямар санагдаж байна? 

Өгүүллээ эргээд харж байхад шинжлэх ухааны үүднээс алдаа мадагтай юм мэр сэр харагдаж байна билээ. Хориод жилийн өмнөөс нэн эртний өгөршсөн яснаас митохондрийн ДНХ ялган авч сурснаар антропологийн ухаан ихээхэн дэвшилд хүрч, үндэстэн угсаатнуудын гарал үүсэл, салбарлал, нүүдлийн тухай шинжлэх ухаан их зүйл өгүүлж чадах боллоо. Митохондрийн ДНХ гэдэг нь зөвхөн эхээр дамжин үеэс үед уг хэлбэрээ хадгалдаг онцгой дизоксирибонуклейний хүчил юм. Бараг зөвхөн архиеологийн олдвороор таамаглан судалдаг байсан антропологид өдгөө молекуляр биологи, генетик гүнзгий нэвтрэн оржээ. 

2017.8.6
 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив